Батцэнгэл, Ихтамир суманд тэг зогсолт үргэлжилж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-12-03 15:44:31

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорионы дэглэмийг 12-р сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгахаар шийдвэрлэсэн.

Ихтамир сумын хэмжээнд 6 пост, 4 хөдөлгөөнт эргүүлд 120 албан хаагч 24 цагаар үүрэг гvйцэтгэж байна. Тус суманд аймгаас онцгой байдлын таван албан хаагч, гурван цагдаа, хоёр эмч хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Сумын хэмжээнд тусгаарлах байрыг 140 хүний багтаамжтайгаар, Мэргэжлийн хяналтын газрын заавар зөвлөмжийн дагуу бэлтгээд байна. Одоогоор гурван хүнийг тусгаарлажээ.

Иргэд аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрийг дагаж, дэг журамтай байгаа аж. Ихтамир сумаар дайрах баруун аймгуудын хөдөлгөөнийг шууд дамжуулан өнгөрүүлж байна.

Батцэнгэл сумын тухайд цагдаагийн газрын 17 алба хаагч үүрэг гүйцэтгэн, эргүүлд 6 цагаар, постод 12 цагаар төрийн 10 хаагчийн хамт ажиллаж байна.

Тус суманд тусгаарлах 5 байранд 51 иргэн хяналтад байна.

 

Холбоотой мэдээ