Судалгаа: “Moderna” компанийн вакцин халдварын эсрэг дархлааг гурван сарын турш бэхжүүлдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-04 12:24:20

НЬЮ-ЙОРК. /France 24/. “Moderna” компанийн бүтээсэн коронавирусний вакцин халдварын эсрэг дархлааг дор хаяж гурван сарын турш бэхжүүлэх чадвартай байна. Ийм дүгнэлтийг АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд хийжээ.


Тус хүрээлэнгийн судлаачид эмнэлзүйн туршилтад эхний үе шатаас нь эхлэн оролцсон 18-71 насны 34 хүний дархлааны хариу урвалыг судалсан байна. Тэдэнд 28 хоногийн зайтай хоёр тун вакцин хийжээ. Судлаачдын хэлснээр, вакцин тариулсны дараа туршилтад оролцогчдод их хэмжээний эсрэг биет үүсэж, "тооцоолж байсны дагуу аажмаар буурсан" байна. Харин вакцины хоёр дахь тунг хийсний дараа эсрэг биетийн түвшин "бүх оролцогчийн дунд гурван сарын турш нэмэгдсэн хэвээр байжээ".


Эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд вакцин нь 94.5 хувийн үр дүн үзүүлснийг “Moderna” компани 11 дүгээр сарын 16-нд мэдэгдсэн билээ. Туршилтад 30 мянган хүн оролцжээ. Түүнчлэн тус компани вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ АНУ, Европын зохицуулагч байгууллагууд гаргаад байгаа юм. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар (FDA) “Moderna”-гийн хүсэлтийг 12 дугаар сарын 17-нд хэлэлцэхээр товлосон байна.


“Moderna” компани “Pfizer” компанийн адил 12 дугаар сард АНУ-д вакцинжуулалтын эхний үе шатыг эхлүүлнэ гэж найдаж байна.


АНУ-ын засаг захиргаа “Moderna” компанид коронавирусний вакцин гарган авахад зориулж 486 сая ам.доллар, “Johnson & Johnson” эмийн компанид 456 сая ам.доллар, Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж буй Их Британи-Шведийн “AstraZeneca” компанид 1.2 тэрбум ам.доллар олгожээ. АНУ-д мөн “Merck”, “Pfizer” компаниуд вакцин боловсруулж байгаа юм. Цагаан ордны мэдээллээр, АНУ-ын эрх баригчид эдгээр төсөлд нийтдээ 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.


Холбоотой мэдээ