Аймгийн хэмжээнд 3.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-04 16:20:36

Төв /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Зуунмод сумын 2 ба түүнээс дээш хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрх болон иргэдэд хүнсний багц олгов.

Тодруулбал Төв аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улаан загалмайн хороотой хамтран Зуунмод сумын 2 ба түүнээс дээш хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй 33 өрхөд хүнсний багц олгосон бол хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 47 өрх, нийт 80 өрхөд 6.4 сая төгрөгийн хүнсний дэмжлэг үзүүллээ.

Тус аймгийн хэмжээнд 3.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 3.5 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1.9 мянга буюу 58.6 хувь нь эрэгтэй, 1.3 мянга буюу 41.4 хувь нь эмэгтэйчүүд юм.

2010 оны тооллогоос хөгжлийн бэрхшээлийг хэлбэрээр нь авч үзвэл 2020 онд сонсголынх 6.1, харааных 3.8, хөдөлгөөнийх 2.3, ярианых 1.3 пунктээр тус бүр буурсан бол сэтгэцийнх 3.2 пунктээр өссөн байна. 2020 онд нийт хөгжлийн бэрхшээлийн дийлэнх буюу 27.6 хувийг сэтгэцийн, 24.1 хувийг хөдөлгөөний бэрхшээл эзэлж байгаа бол хамгийн бага буюу 3.4 хувийг ярианы бэрхшээлтэй иргэд эзэлж байгаа аж. 

Холбоотой мэдээ