ТӨВ: Хүүхдүүд уншсан номын сэтгэгдлээ захидлаар дамжуулан хуваалцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохиолчтой уулзалт зохион байгуулж, хүндэт зочноор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй уригдан оролцлоо.
Уулзалтыг I сургуулийн П.Одончимэг багштай 6в ангийн сурагчидтай хийсэн байна. Уулзалтаар хүүхдүүд түүх, адал явдлыг эрэн хайгч, үлгэр, уран зохиолд дуртайгаа илэрхийлж байв.
Мөн зохиолч өөрийн бүтээлийн талаар халуун дотно яриа өрнүүлэн, хамтдаа зохиол бичих, номыг шимтэн уншихын ач тусыг ярилцлаа.
Энэ үеэр зохиолч О.Сундуй, "Төв сайхан нутгийн
минь хүүхдүүд төрөлх хэл, өв соёлоо дээдэлж, насан туршид сэтгэлийн гэгээ
хайрлагч номтой нөхөрлөөрэй" гэв.
Түүнчлэн 6в ангийн болон идэвхтэй оролцсон сурагчдад өөрийн бүтээлийн дээжээр бэлэг барилаа.
Зохиолч О.Сундуй нь 1960 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. Төрөлх сумандаа 20 настайдаа бага ангийн багшаар ажилллаж эхэлсэн цагаас бага насны хүүхдийг уран зохиолд дуртай болгох зорилгоор тэдэнд зориулж зохиол бичих болсон.
Хүүхдийг уран зохиолд дуртай болгохын тулд жил бүр хүүхдүүдтэй уулзаж, ном уншиж өгөх, ярилцах, мөн хүүхдүүд уншсан номын сэтгэгдлээ захидлаар дамжуулан хуваалцдаг байна. 40 гаруй жил хүүхдүүдэд зориулж шүлэг, өгүүллэг, орчин үеийн үлгэр, тууж зэрэг 30 гаруй ном, 10 гаруй жүжиг, 3 кино, олон дууны шүлэг бичиж нийтийн хүртээл болгожээ.

Улаанбаатар