Нийтийн тээврийн автобусанд 15-аас цөөн иргэн зорчих шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-08 10:56:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас нийтийн тээврийн автобусанд 15-аас олонгүй иргэн зорчихыг зөвлөж байна.


Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт өдөрт 860 гаруй автобус үйлчилгээнд гарч, өдөрт 130 гаруй мянган хүн зорчиж байна. Сүүлийн өдрүүдэд зорчигчдын тоо ихсэх хандлагатай байгаа тул ЭМЯ-наас нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарахыг сануулж байна. 


Тодруулбал, нийтийн тээвэр эцсийн буудал бүрт зорчигчдыг буулгаж 15-20 минут бүх цонхыг онгойлгон нэвт салхилуулан агаар оруулсны дараа дараагийн ээлжийн зорчигчдыг авахыг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвлөлөө.


Орой ээлж буусны дараа мөн эцсийн буудалд "Белизна"-гийн уусмалтай халдваргүйжүүлэх бодисоор автобусны бүх суудал, бариул зэрэг хүний гар хүрч болох бүх зүйлийг ариутгах шаардлагатай аж. Хүн хоорондын суух зайг 1.5 метрт барьж зорчигч нарыг нэг суудал алгасуулан суулгаж байх, мөн автобус дотор спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах зэргээр халдвараас сэргийлэхийг зөвлөв. 

Мөн 14 хоногт нэг удаа, автобус бүрийг мэргэжлийн байгууллагаар ариутгаж халдваргүйжүүлэх шаардлагатайг хэллээ. 



Холбоотой мэдээ