Тайланд жуулчны тусгай виз мэдүүлэхэд тавьсан хязгаарлалтаа цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-12-09 12:17:55

БАНГКОК. /TASS/. Тайландын сайд нарын танхим гадаадын иргэдэд урт хугацааны тусгай виз (STV) олгоход тавьсан хязгаарлалтаа цуцлах шийдвэр гаргажээ.


Ингэснээр бүх улс орны иргэд халдварын тархалтын байдлаас үл хамааран STV ангиллын виз мэдүүлэх боломжтой болж байгаа юм. Тайландын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Ратчада Танадирекийн тайлбарласнаар, энэ визийг тооцоолж байснаас цөөн хүн ашигласан тул эрх баригчид ийм шийдвэр гаргажээ. 12 дугаар сарын 2-ны байдлаар тус улсад 29 улсын 825 иргэн жуулчны тусгай визээр аялсан байна.


Тайланд улс одоогоор коронавирусний халдварын тархалтыг үр дүнтэй хянаж чадна гэдэгт тус улсын Дотоод хэргийн яам итгэлтэй байгаа аж. Тусгай визэнд тавьсан хязгаарлалтыг тус яамнаас санал болгосны дагуу цуцалжээ.


"Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх, ялангуяа аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлого баримталж байгаа бөгөөд Тайланд руу худалдан авах чадвар өндөртэй гадаадын иргэдийг татахыг хүсэж байна" гэж сайд нарын танхимын хурлын дараа гаргасан мэдээлэлд онцолсон байна.


Үүний зэрэгцээ Тайландад ирэх гадаадын иргэд 14 хоногийн хугацаатай тусгаарлалтын дэглэм сахих ёстой бөгөөд төлбөр нь 28 мянгаас 290 мянган батын хооронд  (931-ээс 96 мянган ам.доллар) хэлбэлзэх аж. STV ангиллын виз авахын тулд  мөн тодорхой баримт бичгүүд бүрдүүлэх ёстой юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгал, коронавирусний эмчилгээ хийлгэх зардлын даатгал, мөн төлбөртэй тусгаарлагдсаныхаа дараа амьдрах байрны төлбөрийг баталгаажуулсан эсвэл хаант улсад байгаа үл хөдлөх хөрөнгийн баримт бичгийн хуулбар шаардлагатай байна.


Тайландын сайд нарын танхим 90 хоногийн хугацаатай, дахин хоёр удаа сунгуулж болох тусгай ангиллын визийн журмыг есдүгээр сарын 15-нд баталсан юм. Энэхүү визийг олгоход насны хязгаар тогтоогоогүй бөгөөд визний үнэ 2000 бат (66 ам.доллар) юм. Шинэ журам 2021 оны есдүгээр сарын 30 хүртэл хэрэгжинэ. Өнөөдрийг хүртэл STV визийг зөвхөн коронавирусний тархалт багатай орнуудын иргэдэд л олгож байсан юм. 


Тайландад коронавирусний халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 13-нд бүртгэгджээ. Тус улсад нийт 4100 хүн халдвар авснаас 3800 нь эдгэрч, 60 өвчтөн нас баржээ. Цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг 2021 оны нэгдүгээр сарын 15 хүртэл сунгасан байна.


Холбоотой мэдээ