ХӨСҮТ-ийн лабораторийн ачааллыг зохицуулж, хүний нөөцийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-10 11:52:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас ХӨСҮТ-ийн ачааллыг зохицуулах талаар шуурхай цахим хурал хийлээ.

 

Ойрын өдрүүдэд зохион байгуулсан “COVID-19” халдварын өргөжүүлсэн тандалт судалгаатай холбоотой ХӨСҮТ-ийн лабораторийн ачаалал эрс ихсэж буй.

 

Шуурхай цахим хурлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, сорьц цуглуулах явцад халдварт өртөх эрсдэл гарч байгаа тул дадлагажуулах сургалт нэн чухал. Тиймээс мэргэшсэн буюу ТТ нэгжид ажилладаг багийг дайчлан ажиллах, лабораторийн хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд шуурхай ажиллахыг удирдлагуудад үүрэг болгов. Мөн 21 аймаг, 9 дүүрэгт PCR шинжилгээ хийх лабораторийг өргөжүүлэх тул ялангуяа ажиллах нөөцийг үе шаттай бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, эмч, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдалд анхаарах, ачааллыг зөв зохицуулах шаардлагатай гээд хурлаар хэлэлцсэн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

 

Одоогоор нийслэлд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Ховд, Дорнод, Дархан, Орхон, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд молекул биологийн лабораториудад PCR шинжилгээ хийж байна.

 

2020 оны 12 дугаар сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд 294 336 хүнд түргэн оношлуураар, 262 742 хүнд ПГУ (PCR) шинжилгээ, 754 хүнд Gene-expert-ээр шинжилгээ хийжээ. Түргэн оношлуураар хийсэн шинжилгээний 36 хувийг халдвар бүртгэгдсэн аймагт, PCR шинжилгээний 79.7 хувийг нийслэл хотод хийсэн байна.

 

Шуурхай цахим хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ны газрын дарга П.Эрхэмбулган, ЭМС-ын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, дэд захирал Д.Наранзул, лабораторийн баг болон бусад албаныхан оролцлоо. 


Холбоотой мэдээ