Израил, Марокко харилцаагаа хэвийн болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-11 12:50:03

ЛОНДОН. /BBC/. Марокко Израилтай харилцаагаа хэвийн болгож, үүнд зуучлагч нь болсон АНУ Баруун Сахарын маргаантай нутаг дэвсгэр дэх Мароккогийн эрхийг хүлээн зөвшөөрчээ.


Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дипломат үйл ажиллагааны хүчинд Израил, голдуу арабын улс хооронд энэ онд байгуулсан дөрөв дэх хэлэлцээр болж байна.


Өмнө нь Израил АНЭУ, Бахрейн, Судан улсуудтай дипломат харилцаа тогтоосон юм. Баруун Сахарын маргаантай нутаг дэвсгэрийг АНУ дэмжих нь Марокко улсын хувьд хэлэлцээрийн нөхцөл болжээ.


Мароккогийн Хаант улсын 1975 оноос хойш хяналтандаа байлгасаар ирсэн тус нутаг дэвсгэр нь Марокко, тусгаар тогтнолын хөдөлгөөн болох Полисарио Фронт хоорондын маргаантай бүс нутаг юм.


Полисарио Фронт хөдөлгөөний удирдагчид Алжирт цөллөгдөн амьдарч байгаа аж.


Үүнтэй холбогдуулан Марокко хаант улсын бүрэлдэхүүнд өөртөө засах өргөн эрх мэдлийг санал болгодог бол Полисарио Фронт тусгаар тогтнолыг шаарддаг аж.


Мароккогийн бүрэлдэхүүнд багтаж өөртөө засах эрхийг санал болгож буйг Ерөнхийлөгч Дональд Трамп урт хугацаанд сөргөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц шударга арга зам гэж үзжээ. 


Юуны талаар тохиролцоонд хүрэв?

Хэлэлцээрийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч пүрэв гарагт “Твиттер” хуудастаа мэдэгджээ.


“Дараагийн түүхэн үсрэлтийг хийлээ. Израил, Марокко дипломат харилцаа тогтоох тохиролцоонд хүрсэн нь Ойрхи Дорнод дахь энх тайвны үйл хэрэгт томоохон үсрэлт боллоо” гэж Д.Трамп цохон тэмдэглэжээ.  


Юун түрүүнд талууд палестины бослогын улмаас 2000 онд хаагдсан Тель-Авив, Рабат хотууд дахь төлөөлөгчийн газрууд, Элчин сайдын яамдуудаа нээхийг зорьж байна


Түүнчлэн Израилчуудыг Марокко руу шууд нислэг үйлдэх боломжоор хангах аж.


Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Мароккогийн хаанд телевизээр хандан баяр хүргэж, байгуулсан хэлэлцээрээ түүхэн хэлэлцээр гэжээ.


Мөн Марокко, Израил харилцаагаа хэвийн болгосныг Египет, АНЭУ, Бахрейн магтан сайшаав.


Баруун Сахарт юу болж байна вэ?

Баруун Сахарыг Мароккогийн нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөхийг гэрээний нэг хэсэг гэж Цагаан ордон үзэж байна.

Испанийн колони байсан Баруун Сахарыг 1975 онд Мароккод нэгтгэжээ.


Сахаравигийн уугуул иргэд газар нутгийнхаа төлөө тэмцдэг бөгөөд энэ тэмцлийг Полисарио Фронт Алжирын дэмжлэгтэйгээр тэргүүлэн удирддаг байна.


Баруун Сахарын статус НҮБ-ын олон улсын эрх, тогтоолуудаар тодорхойлогдоно хэмээн Полисарио Фронтын НҮБ дэх төлөөлөгч Сиди Омар мэдэгджээ.

 

“Мароккогийн дэглэм Баруун Сахарын хэсгийг хууль бусаар авахын тулд сэтгэл зүрхээ ч худалдахад бэлэн байгааг энэ үйл явдал харуулж байна” гэж тэрбээр “Твиттер” хуудастаа тэмдэглэсэн байна.

 

Харин Мароккогийн хааны ордны мэдэгдэлд дурдсанаар, АНУ Баруун Сахарт элчин сайдын яамаа нээнэ гэжээ. 

Холбоотой мэдээ