Вирус илэрснээс хойш 2-4 хоногийн дараа эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-14 11:38:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан хүмүүст хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, нусгайрах шинж тэмдэг илэрч байгаа нь томуу, томуу төст өвчний улирал эхэлсэн энэ үед андуурагдах эрсдэлтэйг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхааруулав.

 

Үнэр амт мэдрэхгүй болох, булчин өвдөх, ядрах, сульдах, хоолны дуршил муудах, татах, ухаан балартах, амьсгаадах, цээжээр өвдөх зэрэг зовуурь өвчтөнүүдийн 0.7-1 хувьд нь илэрсэн байна.

 

Түүнчлэн коронавирусний онош батлагдан, вирус илэрснээс хойш 2-4 дэх хоногоос эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна. Цаашлаад 6 хоноод эмнэл зүйн дээрх шинж тэмдэг өвчтөнд илэрч байгаа. Тиймээс ханиад томуугийн улирал эхэлсэн учир амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа эмнэлэгт хандан шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг тэрбээр зөвлөв.

 

Мөн тэрбээр, аж ахуйн нэгж, байгууллагууд өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэлж байгаа учраас коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын өгч буй зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, эрүүл мэнддээ хяналт тавих, байгууллагын удирдлагууд онцгой анхаарч, ажилчиддаа эрүүл мэндийн тандалт хийлгэх, ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах, эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-д мэдээлэх, гэрээр ажиллах боломжтой тохиолдолд цахимаар ажил хийлгэх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад онцгой анхаарахыг санууллаа.

Холбоотой мэдээ