Бангкокийн утаа аюултай түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-12-14 15:08:19

БАНГКОК. /TASS/. Даваа гаргийн өглөө Тайландын нийслэл хотын хэд хэдэн дүүрэгт агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давсныг  дэлхийн агаарын чанарын “World's Air Pollution” индексийн мэдээлэл харуулжээ.


Бангкокийн 20 дүүрэгт агаарын бохирдлын хэмжээ улаан түвшинд (эрүүл мэндэд хортой) хүрсэн байна. Эдгээр дүүрэгт агаарын бохирдлын тоон индекс 153-173 пунктийн хооронд (агаар дахь химийн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ нь 50 пункт) хэлбэлзэж байгаа бөгөөд энэ нь хүний ​​эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм. Үүний зэрэгцээ хотын зургаан дүүрэгт бохирдол нил ягаан түвшинд (эрүүл мэндэд маш муу, 195-300 пункт) хүрч нэмэгджээ. Мөн нэг дүүрэгт хүрэн (аюултай, 459 пункт) түвшинд хүрсэн байна, өөрөөр хэлбэл эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулах учир хэн ч гадаш гарч болохгүй гэсэн үг юм.


“World's Air Pollution” индексийн мэдээллээс үзвэл, даваа гаргийн өглөөний  07 цаг 40 минутын байдлаар Тайланд агаарын чанар хамгийн муу орнуудын жагсаалтад зургадугаарт бичигдсэн байна. Жагсаалтын эхний тавд Бангладеш, Энэтхэг, Ирак, Монгол болон Хятад улс оржээ.


Бангкок болон тус хотын хөрш мужуудад ихэвчлэн 12 дугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг байна. Жилийн энэ үед салхигүй байдаг учраас автомашин, үйлдвэрүүдийн утаанд дарагддаг аж.


Холбоотой мэдээ