О.Адьяа: Олны барьж авдаггүй сэдвийг нэг бариад үзье гэж бодсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
khandmaa@montsame.gov.mn
2020-12-17 13:15:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэрт эрдэмтэн, нэр томьёо судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор О.Адьяатай ярилцлаа. Эрдэм судлалын олон талт ажил эрхэлж явсан энэ эрхэмтэй ярилцах сэдэв өргөн ч энэ удаад монгол нэр томьёо, орчуулга судлал, толь зүйн хүрээнд хөөрөлдөв. Гадаад хэл гарамгай эзэмших үзэл онолыг бодит амьдралаараа нотлон харуулсан түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “А.С.Пушкиний нэрэмжит алтан медаль”-аар шагнаж байсан билээ. 

 

- Та аль нутгийн хүн бэ? Унасан газар, угаасан ус, өсөж торнисон нутаг усны тань талаар яриагаа эхлүүлье.

Би 1950 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Их булагийн Улаан булаг гэдэг газар малчин ардын гэр бүлд төрсөн. Багадаа хурдны морь унаж, мал дээр өссөн.

1958-1962 онд Өлзийт сумын бага сургууль, 1962-1965 онд Зүйл сумын бүрэн бус дунд сургууль, 1965-1968 онд Хужирт сумын 10 жилийн дунд сургуулийг тус тус төгсгөөд, 1968-1973 онд тухайн үеийн Улсын Багшийн Дээд Сургуулийн Орос хэлний факультетэд суралцан орос хэл, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшсэн.


- Таны эрдэм судлалын олон талт ажлаас би өнөөдөр монгол нэр томьёо судлал, орчуулгын судлал, толь зүйн гэсэн гурван чиглэлийг нь сонгон ярилцмаар байна. Орос хэлний багш, хэл шинжээч мэргэжлийг яагаад сонгох болов?

1967 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд орос хэлний улсын хоёр дахь олимпиад болсон юм. Тэр үед 9-р ангийн сурагч байхдаа орос хэлний багш Н.Осорын удирдлагаар олимпиадад бэлтгэн улсын хэмжээнд оролцож тэргүүн байр эзэлсэн тул тухайн үеийн Улсын Багшийн Дээд Сургуулийн орос хэлний салбарт элсэн суралцах урилгаар шагнуулж байлаа. Ингээд жилийн дараа 10-р ангиа алтан медальтай төгсөхөд математикийн ангид элсэх боломжтой байсан ч орос хэлээ сонгосон. Энэ зам руу хөтлөн оруулсан ачтан бол тэр үеийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын арван жилийн дунд сургуулийн орос хэлний багш Намсрайн Осор билээ. Н.Осор багш хэлний үзэгдлийг ухамсарлуулан ойлгуулж, амьдралд бүтээлчээр хэрэглэж чаддаг дадал, чадвар суулгахад чиглүүлэн хичээлээ заахаас гадна хичээлийн бус цагаар мэдлэг гүнзгийрүүлэх дугуйлан хичээллүүлдэг байсны үр шимээр ажил амьдралынхаа зүг чигийг олсон доо.

Дээд боловсрол эзэмшин багш болоод, 1973-1978 онд Хөдөө аж ахуйн Дээд сургуульд оюутан залууст орос хэл зааж байхдаа судалгааны ажлыг эхлэн оролдож, “(По)чувствовать” гэдэг үйл үгийг монгол хэлнээ орчуулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний анхныхаа өгүүллийг 1977 онд нийтлүүлснээр эрдмийн их аяныхаа гарааг эхэлсэн. 1978-1993 онд Намын Дээд Сургуульд багшилж байх хугацаандаа судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж, 1983 оны сүүлчээр аспирантурт суралцахаар ЗХУ-ын ( тэр үеийн нэрээр) нийслэл Москва хотыг зорьж А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний Институтэд элссэн.


- Тэр үед Алтан Москвад сурна гэдэг гайхалтай сайхан завшаан байсан байх?

-Өмнө нь миний бие хоёр ч удаа Москва хотод очиж, богино хугацаагаар мэргэжил мэдлэгээ дээшлүүлж байсан юм. Харин гурав дахь удаад, аспирант болсноор А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний Институт хэмээх сургалт-эрдэм шинжилгээний их уурхайн жинхэнэ гүнд нь орж, эрдмийн сувдын эрэлд гарсан минь мөнхийн дурсамж болон үлджээ. Тэр үед тус Институтийн захирлаар академич В.Г.Костомаров, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлаар доктор (Sc.D), профессор, миний багш О.Д.Митрофанова нар ажиллаж байсан бөгөөд аспирант бид нар, хоёр шинжлэх ухааны доктор, профессор А.А.Леонтьев, доктор, профессор Ю.А.Бельчиков, О.А.Лаптева, А.Н.Щукин, Н.И.Формановская, Н.Д.Бурвикова, Н.А.Метс нарын зэрэг нэрт хэл шинжээч, сэтгэлзүйч, сурган хүмүүжүүлэгч эрдэмтдээр хичээл заалгасан ховорхон азтанууд байжээ. Үүнээс илүү сайхан дурсамж гэж яаж байх вэ.


- Та ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “А.С.Пушкиний нэрэмжит алтан медаль”-аар шагнуулсан. Олон жил их, дээд сургуульд багшилсан хүний хувьд өнөө цагт орос хэл сурах хүн цөөрснийг та хэрхэн тунгаадаг вэ?

Зөвхөн дээд боловсролын системд 24 жил тасралтгүй хөдөлмөрлөж, багшлахдаа орос хэл заах аргыг төгөлдөржүүлэх, орос монгол хэлний харьцуулсан судалгааг хөгжүүлэхэд чиглэсэн арав гаруй ном, сурах бичиг, гарын авлага зохиожээ. Энэ ажлыг минь үнэлж, Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн орос хэлийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйлсийн төлөө 2012 онд уг алдан медалийг олгосон л доо.

Хэзээд орос хэл, Оросын ард түмэн бидэнд ойр байсаар ирсэн. Хувьсгалаас хойш хүн болгон орос хэлтэй байх нь бараг улс төрийн бодлогын хэмжээнд яригдаж хувь хүний боловсрол соёлын нэг үзүүлэлт болж байлаа. Орос хэлний сайн нөлөөг ч үгүйсгэх аргагүй. Европ тив, дэлхийн шинжлэх ухаантай бид орос хэлээр дамжин танилцсан. Орос хэлийг хошууран сурч байсан энэ үзэгдэл англи хэл дээр өнөөдөр давтагдаж байна. Гэсэн хэдий ч орос хэлээ орхилгүй давхар аваад явах нь зөв. Тэгэхгүй бол өмнөх ололтоо үгүйсгэн салан баавгайн үлгэр шиг юм болно. Тэгээд ч орос орон нүүгээд явчихгүй.


- Ер нь таны бодлоор, эх хэл, гадаад хэл, соёлын шүтэлцээг хэрхэн ойлговол зохих вэ?

Эх хэлээ сайн мэдэхгүйгээр гадаад хэлийг гайгүй сурна гэвэл санасны гарз. Гадаад хэлийг сурна гэдэг нь тухайн хэлээр дамжуулан хэлийг нь үзэж байгаа орны үүх түүх, утга соёл, ард түмний нь аж төрөл, ахуй байдал, ажил үйлс, зан заншил, ёс уламжлалыг үзэн судалж, түүнийг илэрхийлдэг хэлтэй нь хамт мэддэг болно гэсэн үг.


- Дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бүтээл тань хэл шинжлэлийн судалгаанд ахиц гаргасан бүтээл гэж үнэлэгдэж байжээ. Энэ талаар жаахан тодруулж болох уу?

Миний бие 1987 онд доктор (Sc.D), профессор О.Д.Митрофанова багшийн удирдлагаар “Нийгэм-улс төрийн эх бичиг дэх нэр нийлэмжийн бүтэц-утгазүйн хэв маяг” сэдвээр А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний Институтэд хэл бичгийн ухааны дэд эрдэмтний, 2000 онд академич Л.Болд багшийн удирдлагаар “Орос, монгол нэр томьёоны бүтэц-утгазүйн харьцуулсан судалгаа (XX зууны сүүлчийн 70-80 жилийн хэрэглэгдэхүүнд тулгуурлав)” сэдвээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

Дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бүтээлд орос хэл сурч байгаа монгол хүний хувьд нэлээд хүнд сэдвийн нэг болох нэр нийлэмжийн онол, практикийн асуудлыг орос, монгол хэлний үгийн сан-утга зүйн, үгийн сан-өгүүлбэр зүйн түвшинд авч үзсэнээрээ шинэлэг бөгөөд сургалт, судалгаанд чухал ач холбогдолтой ажил болжээ гэсэн дүгнэлтийг хамгаалах хурал дээр албан ёсны шүүмжлэгч, доктор, профессор И.В.Баранников, И.Н.Шаманская нар, эрдэм шинжилгээний удирдагч, доктор, профессор О.Д.Митрофанова болон эрдмийн зөвлөлийн бусад гишүүн өгсөн юм.

Докторын зэрэг хамгаалсан бүтээлд нэр томьёо судлал гэдэг хэл шинжлэлийн биеэ даасан шинэ салбар ухаан Орос, Монгол оронд хэрхэн үүсэн хөгжөөд нэг хэлний хүрээнээс хэдийд яаж халин гарсан, нэр томьёо нь үгийн сангийн чухам ямар нэгж болохыг дэлгэрэнгүй авч үзэхийг хичээсэн л дээ. Мөн орос, монгол хэлэнд нэр томьёо бүтээж байгаа утга зүй, үг зүй, өгүүлбэр зүйн аргыг бүтэц-утга зүйн түвшинд нарийвчлан задлан шинжилсэн.


- Шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ оноон тогтоох асуудал эх хэлний дархлаанд маш чухал байр суурь эзэлдэг. Нэр томьёог эрдэм шинжилгээний үндэстэй боловсруулах энэ чимхлүүр ажлыг та мөн барьж авчээ, яагаад?


Оюутан байхаас хэлц үг зэрэг сэдвийг сонирхсон. Үнэхээр нэр томьёоны асуудал маш чухал юм. 1921 оноос хойш шинжлэх ухааны цоо шинэ салбарууд бий болсон. Шууд орос сурах бичгийг монгол руу орчуулан хэрэглэж, улс ардын аж ахуйн салбар салбарын нэр томьёог оноох, тогтоох ажил хийгдэж байв. Гэхдээ энэ талын үг зүй, өгүүлбэр зүйн задлан шинжилсэн бүтээл байгаагүй. 70-аад жилд манай судлаач эрдэмтэд, нэр томьёочид 120-оод мянган нэр томьёог оноон тогтоох нүсэр ажил хийжээ. Түүнд нь би хэл шинжлэлийн үүднээс судалгаа хийсэн. Би нэгэнт орос хэлний мэргэжлийн хүн боллоо. Барьж авдаггүй энэ сэдвийг нэг бариад үзье гэж бодсон.


- Харь хэлнээс тогтоон авах нэр томьёо 1990-ээд оноос өмнө нэлээд журамтай байсан. Гэтэл УНТК-ын үйл ажиллагаа цаг үеийн шалтгаанаар зогсож, нэр томьёог тогтолцоотой, дэс дараатай зохион байгуулах байгууллага байхгүй болсон. Энэ бүхнийг нэгэн бодлогод төвлөрүүлэх зохион байгуулалтын үйл ажиллагаа өнөө хэр нь ч учир дутагдалтай байх шиг . Ер нь тэр үед нэр томьёог хэрхэн журамладаг байв?

-1997 оны өвлөөс Хэл зохиолын хүрээлэнгийн “Толь зүй, нэр томьёоны хамтлаг”-т би эрдэм шинжилгээний ажилтнаар орсон. 1990–ээд оноос хойш нэр томьёог УНТК (Улсын нэр томьёоны комисс) байх үеийнх шиг төлөвлөгөөтэй боловсруулж чадахаа больсон байлаа. Нийгэм цаг үеийн байдалтай холбоотой уг байгууллагын үйл ажиллагаа зогссон байсан. УНТК-ыг 1997 онд  албан ёсоор сэргээн байгуулснаар нэр томьёоны онол- практикийн хурал хийж, салбар комисс байгуулан нэр томьёоны сэтгүүл гаргахаар болсон билээ. Ингээд 1998 онд Стандарчлал хэмжил зүйн газартай хамтран “Нэр томьёо судлал” хэмээх сэтгүүлийг эрхлэн хэвлэх болсон юм. Уг сэтгүүлийн анхны  дугаараас нь эхлээд 15 дахь дугаар хүртэл эмхэтгэж редакторлах ажлыг хариуцан гүйцэтгэж, мөн ерөнхий редактороор ажиллаж уг сэтгүүлийн бодлого, бүрэлдэн тогтоход өөрийн хувь нэмрээ оруулсан гэж боддог.

Энэ үед англи хэлнээс орж ирсэн нэр томьёог монголчлох, олон салбарын нэр томьёоны толийг хянан засварлах, редакторын санал өгөх гээд зай завсаргүй ажиллаж байлаа. Гадаад үгийг хэрхэн орчуулбал зохистой талаар 1997 оноос эхлэн “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” зэрэгт цуврал нийтлэл бичихийн зэрэгцээ ”ШУА-аас эрхлэн гаргадаг “Эрдэм” сонинд “Үгийн учир” булан нээж үгийн гарал, үүсэл, утга, оноож болох боломжийг тайлбарлан олон нийтэд хүргэдэг байсан.

Энэхүү сонины буланд нийтлэгдсэн үгийг түүвэрлэн боловсруулж “Үгийн учир I” нэртэй ормол үгийн толь бичгийг 2003 онд, “Үгийн учир II” ормол үгийн толийг 2006 онд хэвлүүлсэн. Энэ бүтээлд өнөөгийн монгол хэлнээ нэвтрэн орж ирээд манай сонин хэвлэл,  радио телевиз зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэрчлэн нийслэл хотын аж ахуй, үйлчилгээний зарим байгууллагын нэр хаяг, зар сурталчилгаанд орлуулж болох монгол үг хэллэг байсаар байтал харь хэлнийх нь дуудлагаар шууд хэрэглэж байгаа олон зуун гадаад үг хэллэг, нэр томьёоноос гадаад үгээр “гангардаг” зарим хүний амны уншлага болчих шахаад байгаа хэсэг ормол үгийг зориуд жишээ болгон авч, тэдгээрийн уг гарал үүсэл, утга учрыг боломжийн хэрээр тайлбарлаж, тэдгээрт тохирсон монгол нэрийг оноон тогтоож, олон нийтэд хүргэж хэрэглээнд хэвшүүлэхэд чиглэсэн толь юм.

2001 оноос ШУА-ийн Нийгмийн Ухааны Бага Чуулганы эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хаших болсон.

Хэл зохиолын хүрээлэнгийн ажлаа давхар хавсран гүйцэтгэнэ. Энэ ажлыг гүйцэлдүүлэхэд тухайн үеийн хүрээлэнгийн удирдлага байсан академич Х.Сампилдэндэв, Д.Төмөртогоо, доктор профессор Э.Пүрэвжав нарын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал байсныг тэмдэглэх хэрэгтэй. Бид гар сэтгэл нийлж мөр зэрэгцэн зүтгэж байхдаа эх хэлний хэрэглээ, толь бичиг судлалын чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл ч хэвлүүлсэн байдаг. Тухайн үед өөрийн удирдаж байсан, сүүлдээ хэрэглээний хэл шинжлэлийн салбар болж өргөжсөн нэр томьёо судлалын багийн хамт олонтойгоо эвлэн зүтгэж эх хэлнийхээ цэвэр ариун байдлыг хадгалах, хамгаалахад өөрсдийн хувь нэмрийг оруулж явлаа. Санаачлан эхлүүлсэн ажлыг минь хүрээлэнгийн дараа үеийн эрдэмтэн О.Шинэбаяр, Г.Гэрэлмаа тэргүүтэй докторууд нэр төртэй үргэлжүүлэн хийж, монгол нэр томьёо судлалын орон зайг эзэгнэж явна. Залуучууддаа баярлаж суудаг даа.


- Их дуун хөрвүүлэгч, орчуулгын онолч Б.Ринчений орчуулгуудад та задаргаа хийж орчуулгын онол арга зүйн зөвлөмжүүд гаргасан. Хамгийн товчоор, сайн орчуулга гэж ямар бүтээлийг хэлэх вэ?

Сүүлийн үед сулавтар, муухан орчуулгатай олон янзын ном гарах болсон байна. Сайн орчуулга гэдэг бол биеэ даасан уран бүтээл байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд орчуулга судлалаар хийсэн чанартай бүтээл гарахаа больсонд сэтгэл дундуур байдгаа нуухгүй.

Би 2009 онд “Орчуулга: онол, туршлага, сургамж” номоо хэвлүүлсэн. Оросын сонгодог зохиолчдын нэлээд хэдэн зохиолыг монгол орчуулгатай нь тулгаж үзсэн. Тухайлбал, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн «Преступление и наказание» 600 гаруй хуудас том романыг орос эхийн үг, хэллэг, өгүүлбэр нэг бүрийг манай туршлагатай орчуулагч, монгол угсаа, соёлын нэрт зүтгэлтэн Ц.Гомбосүрэн гуайн орчуулсан эхээр задалсан талаар энэ номдоо бичсэн.

Орчуулах эрдэмд шамддаг судлаач нар, тэрчлэн залуу орчуулагч нарт нэгэн сургамж, туршлага өгөхийг зорьсон юм. Тиймээс Монголын уншигч түмэнд аль хэдийн хүрсэн: М.Горькийн «Салхич шувууны дуун», Н.В.Гоголийн «Тарас Бульба», Н.В.Гоголийн «Вий» (Шулам), М.Шолоховын «Хүний хувь заяа», А.К.Толстойн «Мөнгөн ноён», Н.С.Лесковын «Зовлонгийн далай», «Тэнгэрийн бошигт цаг», Галидасын «Үүлэн зардас», К.Маркс, Ф.Энгельс нарын «Эв хамтын намын тунхаг» зэрэг цаг хугацааны саалтыг даван гарч чадсан дорвитой хэдэн сайн зохиолын чансаатай сайхан орчуулгуудад задаргаа хийж, орчуулгын онол-аргазүйн шинжтэй зөвлөмжүүдийг гаргасан юм.  

Ерөөсөө даяаршиж буй энэ эрин зуунд олон улс орны сайн зохиолоос дээжлэн сонгож сайн орчуулах, тэр орчуулгын туршлага, арга барилыг нь задлан шинжилж, дорвитой санаа оноо хэлэх нь нийтийн эх хэлний боловсролд асар чухал үүрэгтэй байдаг.


-Эрдэм судлалын олон талт хөдөлмөр эрхлэхдээ олон сайхан мэргэдтэй уулзаж нөхөрлөж явсан байж таарна. Та бишрэн хүндэлдэг эрдэмтэн судлаачийнхаа талаар дурсаж болох уу?

Орос эрдэмтэн багш нарынхаа тухай өмнө цухас дурдсан. Орос хэлний мэргэжилтэн болоод өөрийн орны эрдэмтдээс Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Чой.Лувсанжав, академич Х.Сампилдэндэв, П.Хорлоо, Д.Цэрэнсодном, Д.Төмөртогоо, Л.Болд, Б.Чулуундорж, доктор, профессор Д.Дашдаваа, Э.Равдан, С.Галсан, Л.Балдан, С.Лочин, Л.Хүрэлбаатар, Б.Сумьяабаатар, Б.Пүрэв-Очир нарын зэрэг олон нэрт мэргэдтэй эрдмийн аяны дөрөө нийлж, заримаар нь замчлуулан хөтлүүлж, заримтай нь санаа зорилго нэгдэн хамтран ажиллаж, заримаас нь сургаал айлдварыг нь хүртсээр өдий зэрэгт хүрчээ. Номын садангуудаас минь академич Х.Сампилдэндэв, П.Хорлоо, алдарт төвдөч, нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатар, доктор, профессор С.Галсан багш, Л.Балдан, Б.Пүрэв-Очир нар минь хэдийнээ бурхны оронд морилж дээ.


Эл ялдамд их эрдэмтэн, номын далай Чой.Лувсанжав багштаныхаа тухай товч дурсъя. Лу багш маань 1969 онд Унгар улсын Будапештын Их сургуульд нэрт монголч эрдэмтэн Л.Лигеттийн удирдлагаар “Монгол хэлний өвөрмөц хэллэг” сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэргийг, 1972 онд ЗХУ (тэр үеийн нэрээр)-ын Дорно дахины судлалын хүрээлэнд доктор, профессор В.М.Солнцевын удирдлагаар “Монгол, англи хэлний үг зүйн бүтцийн харьцуулсан судалгаа” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалж, эрдэмтэн мэргэдийн чихийг дэлдийлгэж, бишрэлийг төрүүлж, хүндэтгэлийг хүлээж байсан юм.

Докторын зэрэг хамгаалахад нь хятад, дорно дахины судлалаар мэргэшсэн доктор, профессор Т.А.Бертагаев эрдмийн зөвлөлийн гишүүд болон хурсан олонд хандан: “Өнөөдөр БНМАУ-ын иргэн Чой.Лувсанжав төрөл бус англи, монгол хэлний харьцуулан жишсэн судалгаагаар хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаална. Лувсанжавын эх хэл нь монгол, унаган хэл нь хятад. Өнөөдөр эрдмийн зэргээ англиар хамгаална. Та бүхэн Лувсанжавтай дорнын 5, өрнийн 8 хэлээр ном хаялцаж болно” гэснээс үзэхэд гадаадын арав гаруй хэл мэддэг, тэдгээр хэлээр эрдмийн бүтээлээ туурвидаг байжээ.  40 гаруй ном, сурах бичиг, толь бичиг, ярианы дэвтэр, нэр томьёоны 20 гаруй толь, эрдэм шинжилгээний 300 гаруй өгүүлэл бичин туурвисан байна. Бүтээл бүр нь сонин сонин санаа, шинэ сэргэг мэдээ сэлтээр нэн арвин.

Хувь хүний хувьд Лу багш маань ухаан бодол саруул бөгөөд холч, сэтгэл цайлган бөгөөд тусархаг, ижилгүй тэвчээртэй, эгнэшгүй ажилсаг нэгэн байсан юм.


- Таны хувьд бол эх хэл монгол, унаган хэл нь орос хэл юм байна. Өөр бусад хэл судалж сурсан уу?

Би орос хэлийг мэргэжлийн түвшинд, англи хэлийг “сайн дурын уран сайханч”-ийн хэмжээнд сурсан. “Сайн дурын уран сайханч” гэж гадаад хэлний түр сургууль (курсы буюу одоогийн дамжаа гэж буруу хэвшээд байгаа үг) төгсөгчийг хэлж байгаа хэрэг. Монгол Улсын Их Сургуулийн англи хэлний оройн 2 жилийн түр сургуулийг төгсгөөд түүнээс хойш биеэ даан үздэг болсон тул мэргэжлийн ном зохиолоо уншиж ашиглахаас хэтрэхгүй. Уг нь боломж бололцоогоо бүрэн дайчилж оролдсон бол англи хэлийг арай гайгүй сурчих байжээ гэж өнгөрсөн хойно амаа барьдаг юм.


- Гадаад хэл сурахад, сургахад юуг илүү эрхэмлэн анхаарах хэрэгтэй вэ?

Гадаад хэлний сургалтын мөн чанар нь “Оролдлого сайт оройд нь”, “Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэсэн монгол ардын хоёр онч мэргэн үгэнд агуулагдана гэж хэлж болмоор санагддаг. Юу гэвэл, гадаад хэл сурах шимт хөрс нь ерөөсөө л хувь хүний чин сонирхол, уйгагүй оролдлого гэсэн үг. Мэдээж, түүнийг нь багшийн заах ур чадвар, сайн сурах бичиг, гарын авлага, сургалтын орчин үеийн техник хэрэгслийн дэм туслалцааг цогцоор хослон сэлбэж өгвөл хугацааг хэмнэж, амжилтыг арвижуулна. Сургалтын явцад гадаад хэлээр сонсох, унших, ярих, бичих чадварыг жигд хөгжүүлэхэд анхаарах нь зайлшгүй бөгөөд эцсийн үр дүн нь ярих, бичих түвшин гэдэг нь зайлбаргүй. Үүнд хүрэх нь суралцагчийн, хүргэх нь багшийн зорилго. "Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг мэднэ” гэгчээр энэ зорилгод хүрэх хүний чадвар чадамж, арга барил өөр өөр, хүргэх хүний арга ухаан янз янз.

Товчоор хэлэхэд, бүх хүнд тохирсон өөгүй сайн сайхан ганц арга гэж үгүй, түмэн хүнд түмэн арга, буман хүнд буман арга хэрэгтэй. Гэхдээ гадаад хэл сурахад цээжлэх, тогтоох ой нэн чухал гэдгийг хэнбугай ч, хэзээ ч, хэрхэвч мартаж болохгүй.


- Та эрдэм шинжилгээний ажлаа яаж хийдэг вэ?

Эрдэм шинжилгээний ажил хийдэг хүн хүний арга барил өөр өөр байдаг байх. Миний хувьд эхлээд судалгааныхаа чиглэл, сэдвийг сонгож авна. Түүний дагуу холбогдох ном зохиол, баримт, мэдээ, сэлт, хэрэглэгдэхүүнийг цуглуулна. Энэ явцдаа удаан хугацаанд бодож, дотроо бясалгана. Эцэст нь цуглуулж хуримтлуулсан зүйлдээ боловсруулалт хийнэ. Уншиж судлаад, эмхлэн цэгцэлж, ангилан багцалж, нэгтгэн дүгнэнэ. Ингээд л сонгосон сэдвийнхээ дагуу богинохон хугацаанд бичье гэснээ бичдэг.


-2011 оноос эхлэн хэвлэгдсэн “Орос-монгол дэлгэрэнгүй их толь” дөрвөн ботийн ажилд та бас оролцсон. Цаг үеийн эрэлт хэрэгцээнээс гадна өөр ямар шинжээрээ онцлог бүтээл болсон гэж та дүгнэх вэ?

Хамгийн сүүлийн дорвитой ажил бол ОХУ-ын ШУА-ийн монголч эрдэмтэдтэй хамтран зохиосон “Большой академический русско-монгольский словарь”-ийн Монголын талын эрдэм шинжилгээний удирдагчаар эхлэн ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар гүйцээж чадаагүй ч санаачлан эхлүүлсэн төсөл маань 2 орны эрдэмтдийн хамтын бүтээл болж 4 ботиор хэвлэгдэн олон түмний хүртээл болсонд сэтгэл өег явдаг.

“Орос, монгол дэлгэрэнгүй их толь” 4 боть бүтээлийг зохион туурвих ажлыг аргазүйн хувьд удирдан 1, 2 дугаар ботийн зохиогч, 1 ботийн редактор болон Монголын талын ерөнхий редактороор ажиллаж байсан юм. Уг толь бол өнөөгийн уншигчдын эрэлт шаардлагаас үүдэлтэй. Орос-монгол толь хамгийн сүүлд 1982 онд хэвлэгдэн гарсан. Үүнээс хойш олон жил өнгөрч, эдүгээ олны эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд монголчуудын амьдралд болон хөрш зэргэлдээ Орос оронд ардчилал шинэчлэлийн өөрчлөлт гарч, энэ бүхэн нь 90-ээд оноос хойш хоёр орны ард түмний амьдралд, ялангуяа орос, монгол хэлэнд ихээхэн нөлөөллөө. Хүн төрөлхтөн ч шинэ зуунд дэвшин орж дэлхий нийтээрээ нэгдэж байна. Энэ бүх шаардлагаар өмнөх толь бичгүүдийн ололт амжилтад тулгуурлан нэмэн засварлаж, баяжуулан дэлгэрүүлж шинэ толь бичиг гаргах болсон. Толь бичиг орчин цагийн орос хэлний өргөн хэрэглэгддэг 70000 орчим үг хэллэгтэй. Үг хэллэгийн гол болон салаа утгыг гаргаж, холбоо, хоршоо, хэлц үгээр баяжуулахын зэрэгцээ нийт олны түгээмэл хэрэглэдэг нутгийн аялгууны үг, аман ярианы болон хар ярианы үг, мэргэжлийн үг, нэр томьёо, хуучирсан хийгээд шинэ үг, үгийн сэргэсэн болон шинэ утгыг хүртэл багтаасан.

Оросын сонгодог уран зохиолоос монгол хэлнээ хөрвүүлсэн шилдэг орчуулагчдын оновчтой орчуулга зэрэг зөвхөн хэлний төдийгүй хэлэхүйн түвшний арвин хэрэглэхүүнээр өмнөх толиос ялгаатай. Орос хэл сурч, судалж буй хэн бүхэн, юуны өмнө сурагч оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, сэтгүүлч орчуулагч болон бусад мэргэжлийн хүмүүс, монгол хэл үзэж буй гадаадын хүмүүс ашиглах бүрэн боломжтой. Оросын болон Монголын ШУА-ийн дэмжлэгтэйгээр 2011 онд эхний нэгдүгээр боть хэвлэгдэж, 2017 онд дөрөвдүгээр боть хэвлэгдсэн. Орос, монгол нийлсэн 20 гаруй эрдэмтэн судлаач хамтран оролцсон, нөр их хөдөлмөрийн үр дүн болсон бүтээл юм.

Энэ ялдамд хоёр орны ШУА-ийн удирдлага, Олон улсын хамтын ажиллагааны захиргаанд талархлаа илэрхийлж байна. Хүнд өвчний улмаас 3 болон 4-р ботид гар бие оролцоогүй ч эхлүүлсэн ажлыг минь амжилттай дуусгасан Оросын талын ерөнхий редактор эрхэм нөхөр, профессор Г.Ц.Пюрбеев, академич Л.Болд болон мөр зэрэгцэн ажилласан бүх зохиогчдоо баярлаж талархсанаа илэрхийлье. 

 

- Энэ их олон талт ажлыг амжуулахад таны ар тал, гэр бүлийн тань дэмжлэг их байсан байх. Гэр бүлийнхээ талаар товч танилцуулна уу?

Тэгэлгүй яах вэ, Би ч сайн ханийн хүчинд гэр орон, үр хүүхэд гэж санаа зоволгүй улсын ажилд зүтгэсэн. Ямар ч үед ар талыг минь найдвартай авч явдаг насны ханийг минь Жумдааны Дэнсмаа гэдэг, нягтлан бодогч мэргэжилтэй.  Бид хоёр нэг нутгийнх.  Хоёр хүү, нэг охинтой. Том хүү гадаад харилцааны ажилтан, охин англи хэлний мэргэжилтэй, бага хүү санхүү-эдийн засгийн мэргэжил эзэмшсэн. Гурвуулаа тус тусдаа айл гэр болоод гарсан. Ач, зээ нийлээд 10 болсон. Эхнээсээ их сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхлээд явж байна. 


- Таны хэлэх дуртай үгээр ярилцлагаа жаргаах гэсэн юм?

Орос нөхдийн хэлдэг “Всё в меру хорошо” буюу “Бүх юм хэмжээндээ сайхан” гэдэг мэргэн үгийг хэлэх дуртай. Саар юм угаасаа муу муухай, харин сайн сайхан юм хэмжээ нь хэтрэхээрээ саар болдгийн гүн ухаан энэ үгэнд багтдаг билээ.

Холбоотой мэдээ