Л.Батцэнгэл: Жилийн 1.5 тэрбумын төгрөг хүртэл орлоготой аж ахуй нэгжүүд нэг хувиар татвар төлдөг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын татварын алба 2025 онд “Зөвлөн туслагч татварын алба” зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд ТЕГ-ын Олон нийттэй харилцах төв Татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн талаар ярилцлаа.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн талаар мэдээлэл
хүргээч?
-Монгол Улс 1992
онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улс төвлөрсөн
төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж 1992 онд орчин цагийн
татварын алба үүсэн бий болсон. Ингэснээр таван төрлийн татварын хуулийг анхлан
боловсруулж, 1993 оноос мөрдсөн. Эдгээрийн нэг нь одоогийн ААНОАТ-ын тухай
хууль, тухайн үедээ Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай
хууль гэсэн нэртэй байсан. ААНОАТ-ын тухай хуулийг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд
2 удаа шинэчилсэн. Ингэхдээ 2006 онд шинэчлэн баталж, 2007 оноос мөрдөж, дараа
нь 2019 онд дахин шинэчлэн 2020 оноос одоог хүртэл мөрдөж байна. Мөн 2025 оноос
ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн барьж, олон
нийтийн санал авах үйл явц үргэлжилж байгаа. Тиймээс 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс
мөрдөж эхэлсэн ААНОАТ-ын тухай хуульд ААН-үүдийг дэмжихэд чиглэсэн томоохон
зохицуулалтууд орсон. Тухайлбал, хялбаршуулсан горим гэж нэрлээд буй жижиг дунд
ААН нийт орлогоосоо нэг хувиар татвар төлөх зохицуулалт бий болсон. Мөн 300 сая
хүртэл татвар ногдох орлоготой жижиг дунд ААН-үүд нэг хувийн татвар төлөх, 300
сая төгрөгөөс 1.5 тэрбумын төгрөг хүртэл орлоготой ААН 10 хувиар ногдуулж
татвараа төлөөд, төлсөн татварынхаа 90 хувийг нь буцааж авах зохицуулалт орсон.
2007 онд оруулсан өөрчлөлтөөр гаднын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийг
идэвхжүүлэхийн тулд бүх татварын хувь хэмжээг 10 хувь болгож тогтмол татвартай
болсон. Харин 2020 оны өөрчлөлтөөр шаталсан татвартай, тухайлбал татвар
ногдуулах орлого 6 тэрбум хүртэл бол 10 хувиар ногдуулах, түүнээс дээш бол 6
тэрбум хүртэл дүнд 10 хувиар ногдуулан 600 сая төгрөг, 6 тэрбумаас давсан дүнд 25
хувиар татвар ногдуулдаг болсон.
-Жижиг дунд үйлдвэрлэгчид татварын тодорхой хувийг
бүрдүүлдэг. Энэ хүмүүст зориулсан хөнгөлөлт гэсэн үг үү?
-Тийм. Татварын хуулиудад
үүнээс гадна хөнгөлөлт, чөлөөлөлтийн олон заалт бий. Жишээлбэл, ААНОАТ 33 төрлийн хөнгөлөлттэй ч ихэнх
нь жижиг дунд ААН-дэд чиглэсэн. Мөн Монгол Улсын санхүү төсвийн бодлогын
хүрээнд, эдийн засагт чухал нөлөөтэй салбаруудыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлт
чөлөөлөлт байдаг.
-ААНОАТ-ыг ямар хүмүүс төлөх вэ?
-ААНОАТ-ын тухай
хуульд заасны дагуу албан татвар төлөгчийг Монгол Улсад байрладаг болон Монгол Улсад байрладаггүй албан татвар
төлөгч гэж 2 ангилж байгаа.
Монгол Улсад
байрладаг гэдэгт Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу үүсгэн байгуулагдсан, удирдах дээд байгууллага нь Монголд байрлаж байгаа
ААН-дийг гэж ойлгоно. Харин байрладаггүй албан татвар төлөгч гэдэг нь удирдах
дээд байгууллага нь Монгол Улсад байхгүй, төлөөний газраар дамжуулан Монгол
Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, Монголоос орлого олж байгаа тохиолдол юм. Жишээлбэл,
Японы Тоёота компанийн дистрибьютер манайд байдаг. Үүнтэй адил төлөөний газраар
дамжуулан үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсад байрладаггүй ч гэсэн Монгол
Улсаас орлого олж байгаа ААН-үүд олон. Татвар төлөгчдийг Монгол Улсад байрладаг,
байрладаггүй гэж ангилаад байгаа гол шалтгаан нь эдгээр аж ахуйн нэгжийн ямар
орлогод нь Монгол Улс албан татвар ногдуулах вэ гэдэг асуудал юм.
-Ялгаатай байдаг гэсэн үг үү?
-Монгол Улсад
байрладаг албан татвар төлөгчийн хувьд Монгол Улсад олсон орлого, Монгол Улсаас
эх үүсвэртэй орлого, мөн гадаадад олсон орлогоос нь манай улс татвар авна.
Харин Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчөөс зөвхөн Монгол Улсад
олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогоос нь л татвар авна.
Үүнтэй холбоотой
татварын хууль тогтоомжийн хүрээнд 2 үндсэн зохицуулалттай. Нэгдүгээрт, давхар
татварын гэрээ нь уг гэрээ байгуулсан хоёр улс нэг төрлийн орлогоос татварыг
давхардуулан авахгүй байх үндсэн зохицуулалтыг агуулдаг. Хэрэв Монголд татвар
ногдуулсан бол энэ орлогоос давхар татварын гэрээтэй нөгөө улс татвар авахгүй. Бусад
улсад татвар ногдуулаад авчихсан байх юм бол Монгол Улсад төлөх татвараас нь гадаад
улсад төлсөн татварыг нь хасаж тооцно гэх зэргээр татварыг давхардуулахгүй.
Өнөөдрийн байдлаар Монгол Улстай давхар татварын гэрээтэй 26 улс байна. Хоёрдугаарт,
татварын асуудлаар харилцан мэдээлэл солилцох эрх зүйн боломжтой улс гэсэн
ойлголтыг давхар татварын гэрээтэй хольж ойлгодог. Энэ нь татвартай холбоотой
мэдээллийг харилцан солилцох боломжтой улсууд л гэсэн үг. ААНОАТ-ын тухай
хуульд заасны дагуу Татварын ерөнхий газраас жил бүр татварын мэдээлэл харилцан
солилцох боломжтой улсын жагсаалт гаргадаг. 2024 оны эцсийн байдлаар энэ
жагсаалтад 143 улс байна. Тэгэхээр Монголын татварын алба эдгээр улстай татварын
мэдээллийг харилцан солилцоод, эдгээр улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол
Улсын иргэн, ААН-ийн мэдээлэл манай татварын мэдээллийн санд бүртгэгдээд явж
байдаг гэсэн үг.
ААНОАТ-ын тухай
хуульд заасны дагуу ААН-ийн олж байгаа орлогыг дотор нь 4 ангилдаг.
-Бараагаа зараад орж ирж байгаа орлого гэсэн
үг үү?
-ААН бүрийн
хувьд үйл ажиллагааны чиглэл өөр байж болно. ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд
заасан үйл ажиллагааг явуулаад олсон орлого нь үйл ажиллагааны орлого болно. Энэ
нь ААНОАТ ногдох орлогын үндсэн хэсэг байна. Үйл ажиллагааны орлогод татвар ногдуулахдаа
нийт олсон орлогоос нь тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан
зардлыг хасаад үлдсэн дүнгээс нь буюу ашгаас тооцдог.
Татвар ногдох орлогын
дараагийн төрөл нь хөрөнгийн орлого. Өөрөөр
хэлбэл, ААН тодорхой хөрөнгө өмчлөөд, түүнийгээ ашиглаад орлого олж болно. Энэ
нь хөрөнгийн түрээсийн болон эрхийн
шимтгэлийн орлого байна. Мөн ААН-ийн худалдан авч эзэмшиж байгаа хувьцаа үнэт
цаас байх юм бол ногдол ашгийн болон хүүгийн орлого багтана. Эрхийн шимтгэлийн
орлого, хувьцааны ногдол ашгийн орлого, бонд болон үнэт цаасны хүүгийн орлогын
хувьд нийт дүнгээс нь буюу олсон орлогоос нь 10 хувиар тогтмол татвар авдаг.
Харин түрээсийн орлогын хувьд түрээсийн гэрээний дагуу олсон орлогоос түрээсийн
хөрөнгийн ашиглалттай холбоотой зардлыг хасаад зөрүүгээс татвар авна. Нийт
дүнгээс нь авч байгаа татварууд ихэвчлэн тогтмол хувь хэмжээгээр бодогддог,
дээр нь тухайн орлогыг олгож байгаа этгээд нь татварыг суутгаж аваад цааш нь төлж
байдаг.
-Тухайн ААН өөрөө төлөхгүй байх нь тийм үү?
-ААН энэ дүнгээрээ
цааш нь дамжуулан төлөх үүрэгтэй . Харин татвар ногдуулах орлогын дүнг тодорхойлдог
буюу олсон орлогоос холбогдон гарсан зардлыг хассаны дараа ногдуулан төлж
байгаа татварыг ААН тодорхойлж төлнө. Учир нь ААН өөрөө зардлаа нотлох
шаардлагатай. ААН өөрөө тодорхойлж татвараа төлдөг хэд хэдэн төрлийн орлогууд
байдаг. Тэр бүгдийг нийлүүлж байгаад дүн
нь өмнө хэлсэн 6 тэрбум төгрөг хүртэл эсвэл түүнээс дээш байна уу гээд шаталсан
татварын хувь хэмжээгээр татвар ногдуулна.
Гурав дахь төрөл
нь хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого байна. Хөрөнгийн орлого бол өмчилсөн
хөрөнгөө ашиглаад олсон орлого. Иймээс хөрөнгийг өмчилсөн хэвээрээ байх юм бол
энэ төрлийн орлогыг тайлант хугацаа бүрд олно. Гэтэл хөрөнгө борлуулсан,
шилжүүлсний орлого бол нэг удаагийн шинжтэй. Жишээ нь, үл хөдлөх эд хөрөнгө
борлуулсны орлого гэхэд нэг удаагийн орлого юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгөө
борлуулсны дараа манай өмч биш болчихно. Тэгэхээр нэг л удаа тайлагнана гэсэн
үг. Харин үл хөдлөх эд хөрөнгөө түрээслүүлэх тохиолдолд тайлант үе бүрд түрээсийн
орлого тайлагнах боломжтой. Энэ нь хөрөнгийн орлого болно. Хөрөнгө борлуулсан,
шилжүүлсний орлого гэсэн ангилалд 4 төрлийн орлого хамаарна. Үүнд, үл хөдлөх эд
хөрөнгө борлуулсны, төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсны, хувьцаа үнэт
цаас борлуулсны, бусад хөдлөх хөрөнгө борлуулсны орлого хамаарна. Үл хөдлөх эд
хөрөнгө борлуулсны орлогод нийт борлуулалтын үнийн дүнгийн 2 хувиар татвар
ногдуулна. Бусад 3 төрлийн орлогын хувь татвар ногдуулах орлогыг нь тооцдог. Өөрөөр
хэлбэл борлуулсан үнээс холбогдох өртөг, зардлыг тооцож хассан дүнд татвар
ногдуулна гэсэн үг.
-Ямар дүнгээр татвар ноогдуулах нь ялгаатай
байх?
-Төрийн
байгууллагаас олгосон эрх борлуулсны орлогод татвар ногдуулахдаа эрхийг анх
авахын тулд төлсөн, баримтаар нотлогдож байгаа зардлыг тодорхойлох
шаардлагатай. Үүнийг нягтлан бодох
бүртгэлд анхны өртөг гэдэг. Борлуулсан үнээс анхны өртгийг хассан дүнд буюу
үндсэндээ ашигт нь 10 хувиар татвар ногдуулдаг. Дараа нь хувьцаа, үнэт цаас
борлуулсны орлого байна. Мөн адилхан борлуулсан үнээс анхны өртгөө хасаж,
шаталсан хувиар татвар ногдуулах дүнг тодорхойлно. Эцэст нь бусад биет бус
хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын хувьд борлуулсан үнээс дансны
үнийг хасаж, татвар ногдуулах дүнг тодорхойлно. Учир нь элэгдэл тооцдог
хөрөнгүүд байдаг. Тиймээс ААН нягтлан бодох бүртгэлдээ тухайн хөрөнгийг ашигласан
хугацаанд ногдох элэгдлийг нь тооцдог. Ингээд анхны өртгөөс худалдан борлуулсан
өдөр хүртэл хуримтлагдсан нийт элэгдлийг хасаж дансны үнийг тооцдог. Тэгэхээр
хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдолд борлуулсан үнээс дансны үнийг хасаад
зөрүүг нь шаталсан хувиар татвар ногдуулах дүн гэж үзнэ.
ААНОАТ ногдох
дараагийн орлогын төрөл нь бусад орлого. Үүнд хүү, торгууль, алданги, эд
мөнгөний хонжворт сугалааны орлого багтана. Эд мөнгөний хонжворт сугалааны
орлогын хувьд нийт дүнгээс нь 40 хувийн татвар төлнө. Мөн Монгол Улсад
байрладаггүй ААН төлөөний газраараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа
явуулаад, төлөөний газраас толгой компани руугаа ашиг шилжүүлсэн бол шилжүүлсэн
дүнгийн 20 хувиар ААНОАТ төлнө. Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гэж
үзнэ. Мөн гадаад валютын ханшийн зөрүүгийн орлого нь бодит бус орлогод
хамаарна. Ханш ямар их өөрчлөгддөг билээ дээ. Тэгэхээр ханшийн зөрүүгээс ААН-д
олз эсвэл гарз үүсэж болно. Иймээс цэвэр дүнгээр тооцоод валютын ханшийн бодит
орлого тооцогдсон тохиолдолд шаталсан хувиар татвар ногдох орлого болно. Мөн
бусад орлого гэдэгт хуулийн дагуу олгосон нөхөн олговор болон даатгалын нөхөн
олговрыг мөн хамруулан авч үздэг.
Шаталсан хувиар
төлж байгаа татварыг аж ахуйн нэгж өөрөө тодорхойлж төлнө. Яагаад гэхээр хасагдах зардал тооцдог.
Хасагдах зардал нь дансны үнэ, анхны өртөг, холбогдон гарсан зардлууд байж
болно. Үүнийг ААН өөрөө тодорхойлох
боломжтой. Харин нийт дүнгээс нь тогтмол хувиар авч байгаа татварыг тухайн
орлогыг олгож байгаа ААН суутгаж аваад, холбогдох татварын албанд төлж байдаг.
-Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварт 100 мянган хүн
цахим гарын үсэг цуглуулан байхгүй болгоно гээд яриад байсан. Энэ шийдвэр хэрэгжсэн
үү?
-Хүмүүсийн гарын
үсэг цуглуулсан Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг цуцлах асуудал бол
ААНОАТ-ын тухай хуульд шууд хамаарахгүй. Иргэд ХХОАТ-ын тухай хуульд буй иргэн
өөрийн өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан тохиолдолд төлөх 2 хувийн
татвар, үүн дотроо орон сууц борлуулсны татварын хувьд асуудал тавьсан гэж
ойлгосон. Үл хөдлөх эд хөрөнгө гэдэгт орон сууцаас гадна газар ордог. Нийтийн
сүлжээний мэдээллээс энэ асуудал нь УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэгдэх
шатандаа байгаа гэж ойлгосон. Одоогоор ХХОАТ-ын тухай хуульд үл хөдлөх хөрөнгө
борлуулсны 2 хувийн татварыг нэмэх, бууруулах
эцсийн шийдвэр гаргаагүй, хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байгаа.
-ХХОАТ болон ААНОАТ гэсэн хоёр хуулийн
ялгааг анхаарах ёстой юм байна. Тийм үү?
-Тийм. Татварыг
зөвхөн хуулиар тогтооно, хуульгүйгээр ямар нэгэн татвар байхгүй. Хуулийг зөвхөн
хууль тогтоох байгууллага буюу Улсын Их Хурал батална. Тэгэхээр хувь хүн үл
хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 2 хувийн татварт эцсийн шийдвэр гаргаагүй,
хуулийн үйл явц үргэлжилж байгаа.
ААНОАТ-ын тухай
хуульд анхаарах гол асуудал бол хасагдах зардалд тавих шаардлага гэж байгаа.
ААН-ийн нягтлан бодогчид үүнд анхаарах хэрэгтэй. Хуульд заасан шаардлагыг
хангасан зардлыг хасагдах зардлаар бүртгэж байна уу гэдэг асуудал. Хасагдах
зардлын шаардлага хангахгүй зардлууд нь цаашлаад санхүүгийн тайлан болон
татварын тайлангийн хувьд байнгын зөрүүг үүсгэдэг. Учир нь эдгээр зардал нь
санхүүгийн тайлангийн зорилгоор бол зардал мөн, харин татварын тайлангийн хувьд
зардал биш болно. Хасагдах зардалд тавьдаг олон шаардлага бий. Үүнээс үндсэн
шаардлага нь нэгдүгээрт, тайлант хугацаанд хамаарч гарсан байх, орлого олох үйл
ажиллагаатай холбогдон гарсан байх, төлбөрийн баримтаар баталгаажсан байх, энэ
дүнгээр нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн байх зэрэг нийтлэг шаардлагууд бий.
ААН-ийн
нягтлангууд элэгдэл тооцох хугацаа заавал татварын хуульд зааснаар байх ёстой юу,
бодит байдал дээр ялгаатай байна гэж асуудаг. ААНОАТ-ын хуульд элэгдэл тооцдог
хөрөнгийг татварын зорилгоор хэдэн жилд элэгдүүлэхийг, дээр нь элэгдэл
тооцохдоо зөвхөн шулуун шугамын аргыг ашиглана гэж заасан. Татварын тайлан бол
хуулийн дагуу л бэлтгэгдэнэ. Харин ААН санхүүгийн тайлангийн зорилгоор элэгдэлд
тооцох арга болон ашиглалтын хугацааг өөрөөр тогтоож болно. Энэ тохиолдолд
татварын тайлан болон санхүүгийн тайлан дээр зөрүү үүсдэг. Элэгдлийн зардалтай
холбоотой зөрүү нь татварын түр зөрүүг үүсгэдэг. Тодорхой хугацааны дараа
залруулагдаад нөлөөлөл нь тэг болчихдог учраас түр зөрүү гэдэг. Мөн элэгдэл
тооцдог хөрөнгө дээр үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг анхаарах хэрэгтэй. Дахин
үнэлгээ хийгээд үндсэн хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдсөн тохиолдолд дахин
үнэлгээний зөрүүг татварын зорилгоор элэгдүүлэхгүй. Энэ нь бас татварын түр
зөрүү үүсгэнэ. Түр зөрүүгийн хуваарилалт болон тохируулга нь тусдаа нэмэлт
тайлангаар зохицуулагддаг. Хасагдах зардалд тавих шаардлагуудыг ААНОАТ-ын тухай
хуулийн 13, 14, 15, 16, 17 дугаар зүйлд дэлгэрэнгүй тусгасан.
Мөн татварын
шаталсан хувь хэмжээг анхаарах хэрэгтэй. Татвар ногдох орлогын төрлүүд дээр
заримд нь тогтмол хувь хэмжээгээр, заримд нь шаталсан хувь хэмжээгээр татвар
ногдуулна гээд орхичихсон. Шаталсан хувь хэмжээгээр ногдуулах татварын дүнг
тооцохдоо эхлээд шаталсан хувиар татвар ногдуулах орлогуудын дүнг нэмнэ. Дараа
нь татвар ногдох орлогын дүн 300 сая төгрөг хүртэл байх юм бол 1 хувиар татвар
ногдуулна. Орлого нь 300 сая төгрөг хүртэл байх юм бол бүх ААН энэ боломжийг
ашиглана. Татвар ногдох орлогын дүн 300 сая төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг бол 10
хувиар бодож татвар төлөөд, төлсөн татварын 90 хувийг буцааж авна. Татвар
ногдуулах орлого 6 тэрбум төгрөг хүртэл болбол 10 хувь, 6 тэрбум төгрөгөөс дээш
бол 6 тэрбум төгрөг хүртэл 10 хувиар бодоод 600 сая төгрөг, үүнд 6 тэрбум
төгрөгөөс давсан дүнгийн 25 хувиар татвар ногдуулдаг.
-Шаталсан хувиар гэдэгт орлогуудыг нэмнэ гэсэн
үг үү?
-Ер нь бол тийм.
2020 оны ААНОАТ-ын тухай хуульд орсон нэг том өөрчлөлт бол хялбаршуулсан горим.
Үүнийг ашиглахад өмнөх жилийн татвар ногдох орлогын дүн 50 сая төгрөгөөс бага
байх, тайлант жилийн 3 дугаар улиралд татварын албанд хүсэлтээ гаргасан байх, татварын
алба хянаж үзээд хүсэлтийг нь зөвшөөрсөн байх зэрэг үндсэн 3 шаардлага бий. Эдгээрийг
хангасан бол тухайн ААН хялбаршуулсан горимоор татвараа тайлагнаж болно. Энэ үед
ААН үйл ажиллагааны орлогод татвар ногдуулж байгаа хэдий ч хасагдах зардлыг
тооцохгүйгээр зөвхөн нийт орлогынхоо 1 хувиар бодож төлөх татвараа тооцно.
Ашгаасаа биш нийт орлогоосоо 1 хувиар ногдуулна. Хялбаршуулсан горимд хүсэлт
гаргасан тохиолдолд хуульд заасан бусад төрлийн татварын хөнгөлөлт эдлэхгүй
гэдэг хязгаарлалттай. Үүнийг анхаарах хэрэгтэй.
-Ашигтай ажилласан тохиолдолд татвар авч байна. Харин
алдагдалтай ажилласан бол?
-ААНОАТ-ын тухай
хуулиар ААН тухайн жилд алдагдалтай ажилласан бол татварын тайлангаа илгээж,
харьяа татварын албаар уг алдагдлыг баталгаажуулсан байх шаардлагатай. Алдагдлыг
дараагийн 4 жилд шилжүүлэн тооцож, ирээдүйд төлөх татвараасаа хасах боломжийг
татварын хууль олгодог. Жишээ нь, 2025 онд алдагдалтай ажилласан бол 2029 он
хүртэлх дараагийн 4 жилд 2025 оныхоо алдагдлыг шилжүүлээд, эдгээр жилд төлөх
татвараа бууруулж болно. Ингэхдээ алдагдалтай ажилласны дараагийн дараалсан 4
жилд шилжүүлнэ. Өмнөх тохиолдолд жишээ нь 2025 оны алдагдлаас шилжүүлэх хугацаа
2029 оноор дуусгавар болно. 2030 онд шилжүүлэн тооцох боломжгүй гэсэн үг. Мөн шилжүүлэн
тооцох алдагдлын дүн нь тухайн жилийн татвар ногдуулах орлогын 50 хувиас
хэтрэхгүй байх шаардлагатай.
Мөн орлогын
дүнгээсээ хамаараад татварын тайланг ямар хугацаанд өгөх нь ААН бүрийн хувьд
ялгаатай. Жишээ нь, өмнөх жилийн татвар ногдуулах орлого 6 тэрбум төгрөгөөс
дээш ААН-үүд жилд 4 удаа буюу улирал бүр татварын тайлан өгөх ёстой. Харин 6
тэрбум төгрөг хүртэл татвар ногдуулах орлоготой ААН-үүд хагас жил тутамд буюу
эхний хагас жилийн тайланг 7 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг
дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор өгнө.
-Тайлант жилд шинээр үүсгэн байгуулагдсан компанийн хувьд?
-Шинээр үүсгэн
байгуулагдсан ААН-ийн хувьд хагас жил тутамд, хэрэв жилийн эхний хагаст
байгуулагдсан бол хоёр, сүүлийн хагаст байгуулагдсан бол нэг удаа тайлан өгнө.
Хялбаршуулсан горим ашиглаж байгаа ААН-үүд жилд нэг удаа, мөн үйл ажиллагаа
явуулаагүй буюу “Х” тайлантай ААН жилийн эцэст нэг удаа татварын тайлан өгнө.
ААНОАТ-ын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргадаг тул улирал бүр буюу 4 удаа гаргалаа гэхэд улирал
бүр оны эхнээс өссөн дүнгээр нь гаргана. Тухайн татварын тайланг харьяалах
татварын алба хүлээж аваад, хянаж үзсэний үндсэн дээр татварын илүү, дутуу
төлөлт тодорхойлогдоно. Дутуу төлөлт байх юм бол хуулийн хугацаанд төлж
барагдуулна. Илүү төлөлт үүссэн бол татвар төлөгчийн илүү төлсөн татварыг нь
төрийн сангаар дамжуулан буцаан олгох ерөнхий зарчимтай.
Улаанбаатар