Биткойны ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-17 10:15:35

МОСКВА. /TASS/. Биткойны ханш арилжааны явцад 9.5 хувиар өсөж, хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрчээ. Тийнхүү тус криптовалютын ханш түүхэн дээд үзүүлэлтийг шинэчилсэн байна.


Орон нутгийн цагаар 08:06 цагийн байдлаар биткойны ханш өссөөр 21.311 доллараар (+ 9,6%) арилжаалагдаж байна.


Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой.


Анх 2008 оны 11 дүгээр сарын 1-нд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгч түүнтэй цахим шуудангаар харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болжээ. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй. Nakamoto-гийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг байна.

 

Холбоотой мэдээ