Алтайн нуруунаас олдсон эртний хүн чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-17 15:26:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны өвөр тал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн нутаг “Шататын бэлчир” хэмээх газраас соёлын үнэт өвүүд олдсон байдаг. Эдгээрийн дотор бусдаасаа хэлбэр хийцийн хувьд өөр нэгэн хүн чулуу байдаг аж. 


Уг хүн чулууг цайвар шаргал өнгийн боржин чулууны нэг өргөн талыг тэгшлэн засаад, дээд хэсэгт хүний царайг товгороор хөвөөлөн бусад хэсгээс тусгаарлаад түүн дотор, хоёр дугуй нүд, урт өргөн хамар, зузаан уруул зэргийг мөн товойлгон дүрсэлжээ. Хамрын хоёр нүх болон нүдний ухархай орчимд тус тус дөрвөн хонхорхой байх бөгөөд хүн чулууны хоёр хажуу болон ар талыг засаж янзлаагүй байна. Орой хэсэг эмтэрч унасан байдалтай бөгөөд хүний нүүрний дүрслэл он цагийн уртад ихээр бүдгэрч мэдэгдэх төдий болжээ. Хөшөөний нүүрийг азимутын 170 хэмд хандуулсан, газраас цухуйх өндөр 62 см, өргөн 40 см, зузаан 23 см, нүүрний өндөр 36 см, өргөн 26 см, хамрын өргөн 7 см хэмжээтэй аж. 


“Энэхүү хүн чулууны тухай Д.Эрдэнэбаатар, А.А.Ковалев нарын “Нүүдэлчдийн өв судлал” сэтгүүлд “Чемурчекийн соёл” түүний тархалтын тухай зарим баримт” хэмээх өгүүлэлд нэгэн хүн чулуун хөшөөний гэрэл зургийг Монгол нутгаас олдсон хүн чулуу гэсэн тайлбартай оруулсан байдаг ажээ. Үүнээс үзвэл энэхүү хүн чулуун хөшөөний оршин буй нутгийн байршил, хийц, загвар зэрэг онцлог шинжүүд тэр дундаа хүний нүүрний дугуй төрх, хамар, нүдийг дүрсэлсэн байдал, түүний дэргэд байгаа чулуун байгууламж зэрэг нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны нутаг болон манай улсын Ховд аймгийн Булган сумын нутаг Ягшийн хөдөө, Аавын Хөх Уул зэрэг газраас олдсон хүн чулуун хөшөөдтэй нэг цаг үеийн дурсгал болохыг харуулж байна” хэмээн Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейгээс онцлон танилцууллаа.  

Тонхил сумын "Шататын бэлчир"-т нийт 25 орчим булш, хиргисүүр, 3 буган чулуун хөшөө, тахилын онгон, 14 хөшөө чулуу, 2 хүн чулуун хөшөө байдаг ажээ.
Холбоотой мэдээ