Эсрэг бие тодорхойлох шинжилгээг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-22 21:48:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид нийт 248 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу нь бүгд сөрөг гарсан байна.

Мөн короновирусийн халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд Сүхбаатар суманд 19.3, бусад сумдад 22.3, нийт 41.6 мянган иргэнийг хамруулаад байна. Түүнчлэн Сүхбаатар сумын хүн амын дунд коронавирусийн халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээг 1093 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдаас авчээ. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар 1346 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэж, 496 иргэний хяналтын хугацаа дуусаж гэрийн тусгаарлалтаас гарсан байна. Сүхбаатар суманд нийт 8 ажиглалтын, нэг тусгаарлах байранд 86 иргэн хяналт, ажиглалтад байна. 

Харин Сэлэнгэ аймгийн хэмжээнд долоон цэг байршилд 7.4 мянган м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийжээ. Энэхүү ариутгалын ажлыг шаардлагатай цэг, объектуудад тогтмол явуулж байгаа аж. Алтанбулаг боомтод хилийн хяналтын байгууллагуудын 22 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомтын хяналт шалгалтын талбайгаас долоон автомашиныг эзэмшигчдэд нь хүлээлгэн өгчээ.

                                              

Холбоотой мэдээ