Уран бичлэгийн цахим уралдааны шилдгүүд тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-28 10:50:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хичээнгүй бичигтэн-2020” сэдэвт монгол бичгийн уран бичлэгийн цахим уралдаан зохион байгуулж, шилдэг оролцогчдыг тодрууллаа.

Энэхүү уралдааны зорилго нь орон нутгийн хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчны зөв хэрэглээг бий болгох, үндэсний бичиг, хэл соёлыг уламжлан өвлүүлэх, сурагчдын мэдлэгийн хүрээг тэлэх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэв.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус уралдааныг энэ удаа коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой.

Тус цахим уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 35 сурагч бүтээлээ ирүүлсэн аж. Ингээд мэргэжлийн шүүгчдийн зүгээс эхний дөрвөн байрыг шалгаруулан, шагнаж урамшуулжээ.

Үүнд тэргүүн байрт Манхан сумын сургуулийн сурагч З.Хишигдэлгэр, дэд байрт Жаргалант сумын зургаадугаар сургуулийн сурагч Х.Айдос нар шалгарчээ. Мөн гуравдугаар байрт Жаргалант сумын зургаадугаар сургуулийн сурагч Т.Энхмэнд, тусгай байрт тус сургуулийн сурагч Б.Эрдэнэчимэг нар шалгарч, өргөмжлөл медаль, дурсгалын зүйл гардан авав. 

Ийнхүү уралдаанд манлайлсан сурагчид “Хичээнгүй бичигтэн-2020” улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо. 

Холбоотой мэдээ