Ховд аймгаас хоёр сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-28 13:04:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгаас хоёр сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар болжээ.

Орос хэлний олимпиадыг энэ оны 12 дугаар сарын 25-нд Оросын шинжлэх ухаан соёлын төвд зохион байгуулжээ. Тус олимпиадыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачилсан бөгөөд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгтэй хамтран ажилласан байна.    

Улмаар Монгол Улсын баруун ба төвийн бүсийн аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн 40 сурагч оролцож, орос хэлний мэдлэгээрээ өрсөлдсөн байна. Ингээд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Өмүнэгүлсэн, Эрдэнэбүрэн сумын сургуулийн сурагч М.Бадамханд нар амжилттай оролцож, ОХУ-д тэтгэлэгтэй суралцах эрхтэй болов. 

Тэд ОХУ-ын Засгийн газрын төсвийн хөрөнгөөр 2021-2022 оны хичээлийн жилд Оросын тэргүүлэх аль нэгэн их, дээд сургуульд өөрийн хүссэн мэргэжлээрээ сургалтын төлбөр, стипенд гээд нийт 60 сая төгрөгийн төлбөрөөс чөлөөлөгдөн суралцах юм.     

Гэрчилгээг хорио цээрийн дэглэм буурсны дараа Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас гардуулан өгөх аж.  

Холбоотой мэдээ