Ахлах ангийн 200 гаруй сурагч орос хэл, соёлын мэдлэгээ дээшлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-28 17:10:54

Ховд /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн улсын их сургууль, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Ховд аймгийн Орос хэлний төв хамтран “Оросууд дэлхийн түүх, соёлын хуудаснаа нэртэй хэл, соёлын цахим кластер төслийг амжилттай хэрэгжүүлж, дүнгээ танилцуулав.  

Энэхүү төслийг ОХУ-ын Гэгээрлийн яамны санхүүжилтээр зохион байгуулсан. Улмаар Оросын соёл, шинжлэх ухааны шилдэг зүтгэлтэн хүмүүсийн амьдрал, ололт амжилтаар дамжуулан орон нутгийн хүүхэд багачуудын орос хэл сурах сонирхол, идэвхийг нэмэгдүүлэх зорилготой байв.  

Төслийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нар болон ахлах ангийн 200 гаруй сурагч оролцож, орос хэлний мэдлэгээ сайжруулжээ. Мөн багш, сурагчид “Оросын ард түмэнд би хайртай!, “Алтайн хязгаар дэлхийд алдартай хүмүүсийг төрүүлсэн нутаг зэрэг тест ажилласан байна. 

Түүнчлэн Алтайн улсын их сургуулийн Орос хэлний тэнхимийн багш доктор, профессорууд "Василий Шукшин", "Оросын нэрт зохион бүтээгч Иван Ползунов", "Булыгин Юрий Сергеевич Сибирьт суурьшсан түүх", "Герман Степанович Титов манай дэлхийн хоёр дахь сансрын нисэгч", "АКА бууг зохион бүтээсэн домогт баатар Михаил Калашников", "Алтайн хязгаарын зохиолчдын бүтээлд тусгалаа олсон өвөрмөц хэлц" зэрэг сонирхолтой лекцийг танилцуулсан аж.  



Холбоотой мэдээ