Г.Нандин-Эрдэнэ: Дэлхийд үйлдвэрлэж байгаа хүнсний гуравны нэг нь хог хаягдал болдог

Монголын мэдээ | Ярилцлага
sodonizm@gmail.com
2020-12-28 20:17:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоол хүнсээ өөрийн хэрэгцээт хэмжээгээр бэлтгэх, зөв зохистой, тааруулан хооллож хэвших, ухаалаг, зөв сонголт хийх нь хүнсний хаягдлаас сэргийлэх хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхам юм.


Иймд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо олон нийтийг хүнсний хаягдалгүй амьдралын хэв маягт уриалан дуудах #Дуусгалаа аяныг зохион байгуулж байна. Хүнсний хог хаягдлын талаар, тэр дундаа эрүүл зөв хоол хүнсийг сонгох, хаягдал бага гаргах талаар мэдлэг, мэдээлэл өгөх нь тус аяны зорилго аж. Аяны талаар НҮБ-ын  Залуучуудын зөвлөх хорооны гишүүн Г.Нандин-Эрдэнээс тодрууллаа.


- “Дуусгалаа” аян хэзээ эхэлсэн бэ, аяны хүрээнд ямар ажил хийж байна?


-Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын 75 жилийн ойн хүрээнд дэлхийн хүнсний өдөрт зориулан энэ оны 10 дугаар сарын 16-22-нд Занабазарын музейд “ХҮН+С” үзэсгэлэнг олон нийтийн хүрээнд зохион байгуулсан. Энэ үзэсгэлэн гарснаас хойш бид “Дуусгалаа” аяныг эхлүүлсэн дээ. Бид нийгмийн сүлжээгээр дамжуулж зөвлөмж, контент бэлтгэж, мэдээлэл түгээсэн. Зүгээр л мэдээлэл түгээгээд өнгөрөх биш, цаашид аянаа удаан хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа.


- Хүнсний хог хаягдал ямар сөрөг нөлөөтэй вэ?


-Дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа хүнсний гуравны нэг нь хог хаягдал болдог байна. Дэлхийн хүн  амын нэг хэсэг нь илүүдэл хоолоо хаяж байхад нөгөө хэсэг буюу ойролцоогоор 700 сая  гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа нь харамсалтай. Хүнс үйлдвэрлэхэд байгалийн нөөцийг ашигладаг. Энэ нь урт удаан хугацаанд үргэлжилснээр хүлэмжийн хийг ихэсгэж байна.  

Хүнсний хог хаягдал үйлдвэрлэлийн шатанд, хувь хүний үйл ажиллагаанаас болж хуримтлагдаж байна.Тодруулах юм бол бидний таваг дээр хоол болж ирэхээс өмнөх  үйлдвэрлэлийн шатанд ч хүнс хаягддаг. Мөн хувь хүн өөрийнхөө хоол идэх порцыг тохируулаагүйгээс хүнсний илүүдэл үүсэж улмаар хог хаягдал болж байгаа юм.


-Яагаад таваг дээрх хоолоо дуустал идэх,  мөн үлдэгдэл хоолоо хаяхгүй байх ёстой вэ?


-Бидний хаясан хоолны хог хогийн цэгт очоод метаны хийг ялгаруулж, хүлэмжийн хийг ихэсгэдэг. Ингэснээр дэлхийн дулаарал гэдэг асуудлыг таны тавагт үлдээсэн хоол  бий болгочихоод байгаа юм шүү дээ. Ер нь хувь хүн бүр өөрийн хэмжээгээ мэддэг, хэтрүүлэн идэхгүй байх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүний эрүүл мэнд, цаашлаад байгаль орчинд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.


Хувь хүмүүс өдөр тутамдаа ямар зуршлыг өөртөө бий болгосноор хүнсний хог хаягдлыг багасгахад хувь нэмрээ оруулах вэ?


-Хэтрүүлэн худалдан авалт хийхгүй байх. Хэт их  нөөцөлснөөр зохиомол хомсдол бий болгож байна. Ялангуяа коронавирусний цар тахлын улмаас хөл хорио тогтоосон энэ үед хүмүүс ихээр нөөцөлж байна. Хоол хүнсээ төлөвлөж, идэх хэмжээгээрээ л хоол хийх. Өдөрт хэрэглэх уураг, илчлэгийн хэмжээ, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний хэрэглэх зохист хэмжээг тодорхойлох хэрэгтэй.

Худалдан авалт хийхдээ сэтгэл хөдлөлөөр эсхүл баримжаагаараа хандахгүй байх, хөргөгчинд байгаа хүнснийхээ зургийг дарах, хүнсний бүтээгдэхүүн худалдан авах жагсаалт  гаргах, мөн худалдан авалт хийхдээ хадгалах хугацааг уншиж шалгах, ямар температурт хэр зэрэг удаан хадгалахыг мэддэг байх хэрэгтэй. Хүнсний температурыг хасах 5-7 градус байлгах нь ихэнх хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг муутгахгүй байлгах зохистой температур гэж эрдэмтэд үздэг.

За мөн идэж дуусаагүй хоолоо ажил руугаа авч явах, хоолны газар өөрт тохирсон хэмжээгээр хоол захиалах, болж өгвөл гадуур хооллохгүй гэрээсээ хоол бэлтгэж авч явах зэрэг зуршлыг хувь хүн өөртөө төлөвшүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр хүнсний хог хаягдлыг бууруулахад гар бие оролцож байгаа сайн үйл хэрэг юм.


-“Дуусгалаа” аяны нэрний тухайд?


Нэг талаас аяны маань нэр шууд утгаараа их идэхийг уриалж байгаа юм шиг байж болох л юм. Гэвч цаад мөн чанартаа бол өөрт тохирсон хэмжээгээр, эрүүл хоолоо цаг цагт нь идэхийг  уриалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төлөвлөж бэлтгэсэн хоолоо дуусгалаа гэсэн утгатай.


- Хүмүүс өдрийнхөө ажлыг төлөвлөдөг шиг өдөрт идэх хоолоо төлөвлөж байх хэрэгтэй байх нь ээ?


Хүн өдөрт авах ёстой макро болон микро хэмжээний тэжээл, илчлэг гэж бий. Хоол төлөвлөлтийг өдөр тутамдаа тохируулан төлөвлөснөөр эрүүл мэндэд маш олон талаар ач холбогдолтой. Өнөөдрийн хоолны буруу хэрэглээ маргааш мэдрэгдэхгүй байж болох юм. Гэхдээ буруу дадал зуршил 15 жилийн дараа бидний эрүүл мэндэд нөлөөлж эхэлдэг. Суурь өвчин болдог. Жишээлбэл, чихрийн шижин ч юм уу, хоол хүнсний төлөвлөлтийг сайн хийж, өөрийнхөө идэх хэмжээг мэддэг байснаараа тухайн хүн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхээс гадна өөрийнхөө эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.


- Аянд хэрхэн нэгдэх вэ?


- Хоолныхоо зургийг авч цахим хуудсаар /фейсбүүк, твийтер, инстаграм зэрэг/ бусдад түгээдэг шигээ хоолоо идэж дуусгаснаа, хаягдал үлдээгээгүй болохоо  постолж бусадтай хуваалцана. Энэ нь хүнсний хаягдлын талаар бусдад ойлголт өгч, эерэг нөлөөг бий болгох боломжтой. Хоолоо амтархан идэж дуусгаад хоосон тавагныхаа зургийг @duusgalaa мөн #duusgalaa хэмээн меншион хийж, фэйсбүүк, инстаграм стори гэх зэрэг өөрсдийн олон нийтийн хэрэгсэлд оруулахад л хангалттай.


- Та аяны хүрээнд уриалга дэвшүүлнэ үү.


- Дэлхий нийтээр нөөцийн хуваарилалтыг тэгш болгох, байгаль орчинд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх, хувийн эрүүл мэнд хувийн төлөвлөлтийг сайн болгож, илүү зөв төлөвлөлттэй, зөв иргэн болцгооё гэж уриалмаар байна.



Холбоотой мэдээ