Туркт нэмж хязгаарлалт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-12-31 11:01:26

АНКАРА. /Anadolu/. Туркийн эрх баригчид коронавирустэй хийж буй тэмцлийн хүрээнд шинэ жилийн шөнө хэрэгжих хязгаарлалтыг нэмж тогтоожээ.


Туркийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, 12 дугаар сарын 31-ний 21:00 цагаас нэгдүгээр сарын 1-ний 10:00 цаг хүртэл Туркийн бүх хот, мужийн аялал жуулчлалын төв гудамж, талбайд очихыг хориглоно.


Туркийн хамгийн том хот болох Истанбулд явган хүний ​​Истиклялийн гудамж, Султанахметийн талбай руу явахыг хориглосон бол Анкарад Кызылайгийн талбай, Измирт Гюндогдугийн талбайд очиж болохгүй.


Өмнө нь Туркийн Дотоод хэргийн яам 12 дугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 4-ний хооронд орон даяар зочид буудлуудад олныг хамарсан зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. Зочид буудлуудын удирдлагууд мөн энэ өдрүүдэд 22:00 цагаас хойш аудио системээрээ хөгжим явуулж болохгүй. Түүнчлэн олон хүн цуглахаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгожээ. Үүнтэй холбогдуулан зочид буудлуудын захиргаа ресторан, баарныхаа ажиллах цагийн хуваарийг өөрчлөх шаардлагатай болсон байна.


Үүнээс гадна, 12 дугаар сарын 31-ний 21:00 цагаас нэгдүгээр сарын 4-ний 05:00 цаг хүртэл тасралтгүй хөл хорих тогтоосныг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 14-нд мэдэгдсэн. Одоо тус улсад  ажлын өдрүүдэд 21: 00-05:00 цаг хүртэл, мөн амралтын өдрүүдэд гадагш гарахыг хориглосон байгаа юм. Түүнчлэн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэх хүмүүсийн тоог хязгаарлажээ.


Холбоотой мэдээ