Тусгаарлах байрны үзүүлэх сургууль хийв

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2021-01-08 19:46:36
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссын даргын 2021 оны 01 тоот албан даалгаврын хүрээнд тусгаарлах байрны үзүүлэх сургуулийг мэргэжлийн ангиуд /ЭМГ, НЭ, Зооноз, Баянхонгор сумын ЗДТГ, МХГ, ЦГ, ОБГ/ хамтран Нэгдэлчин зочид буудалд энэ сарын 6-нд зохион байгууллаа.
PCR шинжилгээ өгөлгүй орон нутагт нэвтэрсэн 10 иргэний кэйсийг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хэрхэн тусгаарлах талаар тус сургуулиар үзүүлэв. Гадна хамгаалалтын хүрээнд ажиллаж буй Цагдаагийн газрын алба хаагчид тус иргэдийг бүртгэлжүүлж тусгаарлах байр руу нэвтрүүлснээр халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд улаан, шар, ногоон бүсэд хуваасан тусгаарлах байранд хэрхэн хүлээж авах, улмаар тус иргэдийн баримтлах дэг, тэдэнд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчид халдвар авалгүйгээр ажиллах журам, хамгаалах хувцас хэрэгслийг аюулгүй тайлах горим зэргийг Онцгой комиссын гишүүдэд үзүүлж таниулсан юм.
Үзүүлэх сургуульд аймгийн Онцгой комиссын гишүүд хамрагдсанаараа эрсдэл гарсан нөхцөлд иргэдийг хэрхэн тусгаарлах талаар ойлголт мэдлэгтэй болж авсан бол мэргэжлийн анги бүрэлдэхүүний хүрээнд хэрхэн ямар байдлаар ажиллах сургууль, мэдэгдэхүүнээ бататган авлаа.