Осолтой холбоотой хэргийг шийдвэрлэх хүрээнд “Boeing” 2.5 тэрбум ам.доллар төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-08 11:25:41

ЛОНДОН. /Reuters/. 737 MAX” загварын нисэх онгоцны осолтой холбоотой хэргийг шийдвэрлэх хүрээнд “Boeing” компани 2.5 тэрбум ам.доллар төлөхөөр болжээ.


Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ. Тус компанийн “737 MAX” загварын нисэх онгоц хоёр ч удаа осолдож, 346 хүн амиа алдсан юм. 


Нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани Хууль зүйн яаманд 244 сая ам.долларын торгууль төлөх бол үйлчлүүлэгчиддээ 1.77 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгохоос гадна ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэр, төрөл саданд олгох нөхөн төлбөрийн сан байгуулахад зориулж 500 сая ам.долларыг төлөх аж.


737 MAX” загварын онгоцны техникийн нисгэгчдийн хоёр нь онгоцны аюулгүй байдлыг хангах гол системийн талаар Холбооны агаарын тээврийн удирдлагад буруу ташаа ойлголт өгч, төөрөгдүүлсэн гэдгийг “Boeing” хүлээн зөвшөөрчээ.  


Үүнтэй холбогдуулан “Lion Air Flight 610” болон “Ethiopian Airlines 302” дугаартай нислэгийн үед болсон эмгэнэлт осол дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч компанийн ажилтнуудын булхайг илрүүллээ” хэмээн АНУ-ын Ерөнхий прокурорын туслах Дэвид Бернс мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ