Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Маршалын мөнгөн аяга

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-01-11 09:29:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөнгөн аяга нь монгол хүний ертөнцийг үзэхүй, гоозүйн сэтгэлгээний царааг харуулсан зүйл бүрийн хээ хуар чимэгтэй, нутаг нутгийн дархчуудын онцлогийг илтгэх ур хийцтэй. Товчхондоо, аягаар нь эзнийх нь ус нутаг, уг гарал, бэл бэнчин, зэрэг зиндааг мэдэж болдог байна.


Монголын Үндэсний музейд үе үеийн монгол дархчуудын бурхан ухаан, уран гараар бүтсэн мөнгөн аяга цөөнгүй бий. Үүний нэг нь цагтаа “чимэг болон хайрлагдаж” улсын эзэн явсан маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан алтан шармал чимэг бүхий дунд гарын мөнгөн аяга юм.

Уг аягыг модоор хийж амсар болоод дотор ёроолыг бүхийд нь мөнгөлөн чимжээ. Хажуу бөөр, ёроолыг угалз болоод ханан маягийн хээгээр өвч тойруулан хээлсэн байх ба хээний дээд талаар өнгийг нь шармалдсан хаан бугуйвч, хатан сүйх хээг хооронд нь нэлээн зайтай дүрсэлсэн. Харин хээний гол төв хэсэгт мөн л шармал өнгө бүхий 12 жилийн дүрс чимэглэсэн нь их л соньхон, өнгөлөг харагдана. Аяганы ёроол суурийн хэсэг нь яльгүй өндөр, цомцгордуу хэлбэртэй ба түүний доод этгээдийг өнө мөнх хийгээд бат бөхийн илэрхийлэл болох алхан хээгээр тойруулан хүрээлж дээд талын цулгуй хэсгийг шармалдсан байна.


Энэхүү шармал суурин дээр “Улаанбаатар хот 1946 он”гэх үгсийг товойлгон үйлджээ. Энэ аяганы бас нэг содон зүйл нь дотор ёроолд нь буй арга билгийн хос загасны дүрс юм. Сонор соргог, өсөн үржихийн бэлгэдэл болсон уул загасны дүрсийг шармалдан товойлгожээ. Аяганы гадна доод ёроолд эргэн тойрон эвэр угалз хээгээр хүрээлсэн урт нас, удаан жаргахын бэлгэдэл болох алтан шармал өлзий хээ дүрсэлсэн байна. Уул хээний гадуур тойргийн цулгуй шармал суурин дээр “Хувьсгалын 25 жилийн ойгоор маршал Чойбалсан танаа” хэмээн товойлгон бичсэн нь тодхон харагдана. Аяган дээрх бичээс нь тэр цагт дөнгөж бичиж эхлэх төдий болж байсан шинэ буюу кирилл үсгээр буй нь энэ аяганы нэгэн онцлог болно.


Монголчууд аяга тагш тэргүүтнээ “дээшээ харсан сав” хэмээн ихэд бэлгэшээдэг. “Аягагүй бол амгүй” хэмээх тул хүн бүр аягатай, аяганы ууттай байж, аягаа өөр зуураа солихгүй, хол ойр хаа ч одсон аягаа байнга авч явдаг, аяганд шавхруу үлдээх, хөмөрч тавих, дээгүүр нь алхаж гарах, айлчин гийчинд амсар нь сэтэрхий аяганд цай хоол хийж өгөх зэргийг ихэд цээрлэж ирсэн уламжлалтай.

Монголчууд эртнээс их төлөв мод, модны ур үндэс зэргээр аяга тагш хийж хэрэглэж ирсэн төдийгүй мал, адгуусны эвэр, ясаар ч урлаж байсан нь цөөнгүй аж. Хүннүгээс эхтэй эртний улсуудын хаад ихэсийн булш бунхнаас өрнө, дорнын улс гүрнүүдээс гаралтай гоёмсог шаазан болон шилэн аяга цөөнгүй олддог. Хөх Түрэгийн үеэс эхлээд Монголчууд хүчирхэгжин мандсан XIII зууны үеийн хүн чулуун хөшөөдөд аяга дүрсэлсэн байх нь элбэг.

Сонирхуулахад, дэлхийн бусад хүн зонд байсан өштөн дайсан юм уу эрдэм төгс нэгнийхээ гавлаар аяга хийдэг балрын заншил монголчуудад ч байсан гэдэг. Монголчууд модноос гадна алт, мөнгө, зэс, гууль зэрэг төмөрлөгийн зүйлсээр аяга хийдэг байсан нь өдгөө ч хэвээр. Ялангуяа он цагийн уртад мөнгөн аяганы урлал нь бие даасан урлагийн төрөл болтлоо хөгжсөн түүхтэйг тус музейн куратор Б.Ууганбаяр тэмдэглэжээ.

 

Холбоотой мэдээ