С.Хулан: Дундговьд мэргэжилтэй, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-11 12:01:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөц дутагдалтай байдаг. Зах зээлийн эдийн засагт шилжин орсон үеэс залуучууд нийслэлийг зорьж, аймгийн хүн амын тоо ч буурсан нь боловсон хүчний дутагдалд орох гол шалтгаан болдог.

Гэхдээ 2015 оноос хойш залуучууд аймагтаа ирж суурьшиж байгаа хэдий ч ажлын байр хомс, эдийн засаг, бизнесийн орчин тийм ч таатай биш байгаа бөгөөд залуучууд төрийн байгууллагад ажиллахыг ихээхэн хүсэмжлэх болсон. Гэхдээ төрд ажиллах нь тодорхой шалгууртай байдаг. Энэ талаар тодруулахаар Төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Хулантай ярилцлаа.


-Дундговь аймагт мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байгаа талаар мэдээлж байсан. Өнгөрсөн онд ч гэсэн тийм байсан. Яагаад төрийн албанд сул орон тоо байгаа мөртөө тэр нь нөхөгдөхгүй байна вэ?  

-Өнөөдрийн байдлаар төрийн албанд 137 ажлын байр сул байна. Үүнээс 99 нь Сайнцагаанаас бусад суманд байгаа ба суманд хамгийн их сул орон тоо байна гэсэн үг юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд төрийн жинхэнэ албан хаагчийн 87 ажлын байранд тусгай шалгалт зарлаад дөнгөж 14 нь л нөхөгдлөө. Цөөхөн хүн бүртгүүлж байна. Бүртгүүлсэн хүмүүсийн хувьд тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангахгүй байна. 

Төрийн жинхэнэ албанд тэнцэж, ажиллахын тулд төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн байх ёстой. Энэ шалгалтыг өгөхөд бэлтгэл хангалтгүй байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард төрийн албаны ерөнхий шалгалт зарлаад 158 хүн бүртгүүлж, дөнгөж 47 нь л тэнцсэн.

Энэ тэнцсэн хүмүүсийн ихэнх нь сургуулиа дөнгөж төгсөөд ажил хийсэн туршлага байхгүй болохоор төрийн жинхэнэ албаны шаардлагуудыг хангахгүй байгаад байгаа юм.  

Мөн залуучууд суманд очиж ажиллах сонирхол тун бага, тиймээс л энэ сул орон тоо нөхөгдөхгүй байгаад байна.

-Ер нь яг ямар мэргэжлийн хүмүүс илүү их эрэлттэй байна вэ? Өнгөрсөн жил Дундговь аймгийн хувьд хүний нөөцийн судалгаа хийсэн. Энэ судалгаагаар ямар дүгнэлт өгсөн бэ?

-Манай аймгийн хувьд ХАА-н чиглэлийн мэргэжилтэй хүмүүс их дутагдалтай байна. Малын эмч, мал зүйч, газар тариалангийн чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин сумдад хэрэгтэй байгаа.

Төрийн албаны зөвлөлөөс ХАА-н чиглэлийн төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөхийн тулд тухайн албан тушаалд тавих шаардлагуудыг хөнгөлөхийг зөвшөөрсөн хэдий ч аймгийн хэмжээнд мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байх шиг байна.

Манай аймгийн хувьд өнгөрсөн онд Канадын Засгийн газрын МЕРИТ төслийн дэмжлэгтэйгээр хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа хийсэн. Ер нь хүний нөөцийн асуудал, цаашид сайжруулах арга зам, төрийн албан хаагчдын ур чадварыг үнэлэх тогтолцоо нь тодорхойгүй байсан тул энэ нь маш ач холбогдолтой ажил болсон гэж бодож байгаа.

Олон улсын судалгааны компанитай гэрээ байгуулж, энэ суурь судалгааг хийлгэсэн нь Монгол Улсын төрийн байгууллагуудын дунд анхдагч ажил болсон гэж үнэлээд Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны онцлох 20 ажлын нэгээр нэрлэж цаашид бүх төрийн байгууллагуудад нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Судалгаагаар аймгийн хэмжээнд төрийн байгууллагын хүрээнд батлагдсан 3210 орон тоо байгаагаас 221 нь хангагдаагүй байгаа ба Цагаандэлгэр, Луус, Говь-Угтаал суманд болон Мал эмнэлгийн газар, ГХБХБГ-т илүү олон ажлын байр сул байна гэж тодорхойлсон. Энэ нь мал эмнэлэг болон газрын харилцааны чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна гэсэн үг юм. 

-Төрийн албаны аймгийн салбар зөвлөл орон тооны нарийн бичгийн даргатай болж, үйл ажиллагаа нь илүү эрчимжиж байх шиг санагддаг. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулаач?

-Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын бүтцийн нэгж бөгөөд Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, бусад холбогдох хууль, дүрэм журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Салбар зөвлөл нь хамтын удирдлага бүхий байгууллага, үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг. Энэ утгаараа 2020 онд тус зөвлөл 7 удаагийн хуралдааныг зохион байгуулж, нийт 26 асуудлыг хэлэлцэн 44 тогтоол гарган ажиллалаа.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан хэрэгжиж эхэллээ. Олон дүрэм, журмууд шинэчлэгдсэн. Үндсэндээ төрийн албаны чадавх ямар байх нь төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг чадвараас ихээхэн хамаарна. Харин төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэдээллээр хангах үүрэг нь Төрийн албаны салбар зөвлөлд байгаа.

2020 он бол коронавирустэй тэмцсэн онцлог жил байсан. Тиймээс онлайнаар сумдад үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, чиглүүлэн хамтран ажилласан.

Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэр (2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоол)-ийн дагуу төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах ажлыг тасралтгүй зохион байгуулсан.

-Төрийн албаны салбар зөвлөлийн үндсэн ажил бол сонгон шалгаруулалтын ажил байдаг, өнгөрсөн онд сонгон шалгаруулалтыг хэдэн удаа зохион байгуулсан бэ?

-Өнгөрсөн 2020 онд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг хоёр удаа, төрийн захиргааны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг мөн хоёр удаа тус тус зохион байгуулж сул байсан 18 ажлын байрнаас нийт есөн ажлын байрыг нөхөж, албан тушаалд томилуулахаар болсон.

Төрийн жинхэнэ албан тушаалын 137 сул орон тооны захиалгыг 13 байгууллага, 15 сум ирүүлснийг бүртгэж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, холбогдох бичиг баримтыг үндэслэн иргэдэд нээлттэй зарлах шийдвэрийг цаг тухай бүрт нь гаргасан.

Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг зургаан удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 159 ажлын байрыг зарлан 12 ажлын байранд томилгоо хийсэн.

Мөн хорио цээрийн үед төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулж, 158 хүн оролцсоноос 47 хүн тэнцэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээд байна.

Мөн байгууллагуудаас 2019 оны үр дүнгийн үнэлгээгээр “А”, “В” үнэлгээ авсан алба хаагчдад зэрэг дэв олгуулахаар 59 албан хаагчийн материал ирүүлснийг хянаад, шаардлага хангасан 12 сум, 11 байгууллагын 55 төрийн албан хаагчид албан тушаалын зэрэг дэв шинээр олгуулах, өмнөх зэрэг дэвийг ахиулах шийдвэр гаргуулсан.  

-Төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

-Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албанд ёс зүй сахилга хариуцлагыг сайжруулах тухай” 2020 оны 02 тоот зөвлөмжийг 22 агентлаг, 15 сумын төрийн албан хаагчдад сурталчилсан.

Удирдлагын академитай хамтран эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хоёр, ахлах түшмэлийн ангилалд хамраарах албан тушаалд хууль тогтоомжийн дагуу томилогдон ажиллаж байгаа 37 төрийн албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтад, мөн ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад дөрвөн алба хаагчийг хамруулан сургалаа.

Мөн төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад 14, төрийн албанд анх томилогдсон иргэнийг чиглүүлэх зайн сургалтад 12 хүнийг мэргэшүүлэх багц цагийн сургалтад хамруулж төгсгөсөн байна. Нийтдээ 69 албан хаагчийг чадавхжуулжээ.

Иргэдээс төрийн албаны томилгоо, шийдвэртэй холбоотой өргөдөл, гомдлууд ирдэг. Өнгөрсөн жилийн хувьд Төрийн албаны зөвлөлд гурав, салбар зөвлөлд гурван өргөдөл гомдол ирснийг  шийдвэрлэсэн.

-2020 онд орон нутгийн сонгууль болж, аймаг, сумын удирдлагууд шинэчлэгдлээ. Төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх ёстой. Тиймээс цаашид юун дээр анхаарч ажиллах вэ?

-Ер нь манай аймаг, сумдууд хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчнээ бодлогоор бэлтгэхгүй бол болохгүй болжээ гэдэг нь харагдаж байна. Энэ нь аймгийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа.

2021 онд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан мэргэжлийн байгууллагуудтай хамтран тусгай шалгалтыг тасралтгүй зохион байгуулна. Тиймээс байгууллагууд аль болох сул орон тоогоо нөхөхийг хичээж ажиллах хэрэгтэй юм.

Цаашдаа байгууллагууд томилгооны зөрчилгүй байж, удирдах албан хаагчид манлайллыг үзүүлж, албан хаагчдынхаа сургалтын хэрэгцээг тодорхойлж, мэргэшүүлэх багц сургалтад хамруулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч, төрийн албанд шинээр томилогдож байгаа албан хаагчийг дадлагажуулах, чиглүүлж ажиллах шаардлагатай.

Мөн байгууллагадаа иноваци /санал санаачилга/ нэвтрүүлэх, шинэ санал, санаачилга гаргаж байгаа ажилчдаа дэмжиж ажиллах хэрэгтэй юм.

Төрийн албаны зөвлөл 2021 оныг “Зарчим баримтлах жил” болгож байгаа. Мөн хүний нөөцийн аудитыг хэрэгжүүлэх, шалгалт, сургалтын жил болгосон. Ер нь хүнээ бэлтгэж байж л бид хөгжлийг ярина шүү дээ. Тиймээс хүний хөгжилд анхаарах хэрэгтэй гэж л хэлье дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ