“Аав, ээждээ хандаж хэлэх бидний үгс’’онлайн уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөр насны хүүхэдтэй аав ээж нар хүүхдийнхээ дотоод сэтгэлийг сонсож, харилцан ойлголцож байх нь хүүхдийн сэтгэл зүй болоод хүмүүжил, төлөвшилтөд эерэг нөлөөтэй. Коронавируст цар тахлын улмаас хөл хорио тогтоосон энэ үед гэр бүлийн доторх энэхүү харилцааг улам дээшлүүлэх хэрэгцээ үүсжээ.
Учир нь, НҮБ-ийн ХИС болон Монголын Урлагийн Сэтгэл заслын Мэргэжлийн Холбооноос өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг тодорхойлох онлайн судалгаа явуулахад, хөл хорионд гэртээ байгаа өсвөр насны хүүхэд ганцаардах, ядрах, бухимдалтай, ээж аавтайгаа тааруу харилцаатай байгааг судалгааны дүнгээр тодорхойлсон байна.
Иймд Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоо “Аав, ээждээ хандаж хэлэх бидний үгс’’онлайн уулзалтыг Японы Хүүхдийг Ивээх сантай хамтран энэ сарын 13-нд, 19:00-20:30 онлайн хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
Уулзалтад өсвөр насны хүүхдүүд, эцэг эхчүүд болон мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл бүхий нийт 100 хүн оролцох юм байна. Тухайлбал, Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбооны Тэргүүн В.Бэрцэцэг, Японы Хүүхдийг Ивээх сангийн Хүүхэд хамгааллын төслийн мэргэжилтнүүд, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Мөнх-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Болормаа, БЗД-ийн 147-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Зулсайхан болон хүүхдүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцохоор болжээ.