Газар хөдлөлтийн улмаас автомашин байрнаасаа 40 см хөдөлж, байшингийн цонх хагарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-12 14:10:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/.   Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл үргэлжилсээр байна. Газар хөдлөлтөөс үүссэн нөхцөл байдлын талаар Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга А.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Газар хөдлөлтийн улмаас орон нутагт гарсан хохирол байна уу. Нөхцөл байдлыг танилцуулаач?  

-Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өдрийн 12 цагийн байдлаар өглөөний 05 цаг 30 минутаас хойш Ханх сумын Долоон –Уул, Хачим, Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн ам орчимд 30 гаруй удаагийн давтамжтай газар хөдлөлт болж үүнээс хамгийн хүчтэй мэдрэгдсэн нь 6,7 магнитуудын газар хөдлөлт боллоо.

Энэ үеэр Ханх сумын Долоон-Уул орчимд байгаа айлын автомашин байрнаасаа 40 см орчим хөдөлсөн. Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн ам орчмын айлуудын байшингийн цонх хагарсан, гэрийн тавилгууд унасан, хүний амь нас эрүүл мэндэд хохирол учраагүй гэсэн мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүлээн авлаа.

Ханх сумын ЗДТГ-ын байр, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны хананд цууралт өгсөн сумын Онцгой комисс  барилга объектуудад гэмтэл гарсан эсэхийг шалгаж байна.  

-Мөрөн суманд маш хүчтэй мэдрэгдсэн. Ялангуяа хамгийн өндөр хоёр арван давхрын айлуудад  хохирол гарсан уу?

-Аймгийн төв Мөрөн суманд газар хөдлөлт дөрвөн удаагийн давтамжтай мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн улмаас хилийн н байр, Гурилын үйлдвэрийн байр, Цагдаагийн байр, 45,46,47-р байр, Хаан банкны орон сууц, Эрүүл мэндийн газрын байрууд, Шинэ Мөрөн хороолол зэрэг байруудад хагарал цуурал, нэмэгдэж шавар, замаск нь унасан байна. Эдгээр байруудын цахилгаан дулааны шугаманд гэмтэл гараагүй. Хуучны спорт хорооны эзэнгүй барилгын эвдрэл гэмтэл улам ихэссэн, нурах эрсдэл өндөр болсон байна.


- Томоохон худалдааны төвүүдэд  эрсдэл гарсан уу?

- Оргил бөөний төвийн хураасан бараа нурж унасан боловч хагарч гэмтээгүй, томоохон худалдааны газрууд, хүнсний зах, зочид буудал, зоогийн газар, хүнсний үйлдвэрүүдэд ноцтой хохирол учраагүй. Одоогоор Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэсэн мэргэжлийн байгууллагууд хамтран орон сууцнуудад хяналт шалгалт хийж байна. Газар хөдлөлтийн улмаас барилга байгууламж, объектод эвдрэл гэмтэл үүссэн талаарх мэдээллийг мэргэжлийн хяналтын газрын 7038-3313 дугаарт хүлээн авч байна.

Мөн Дулааны станц ТӨҮГ, Хөвсгөл Эрчим хүч ХХК, Хөвсгөл Ус Суваг ХХК, Харилцаа холбооны салбарууд зэрэг онцгой объектуудад үйл ажиллагаа тасалдал доголдолгүй хэвийн ажиллаж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Эрдэнэбаатар мэдээллээ.

 


Холбоотой мэдээ