АНУ-ын кино шүүмжлэгчид 2020 оны шилдэг киног нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-01-12 17:26:56

ЛОС-АНЖЕЛЕС. /The Hollywood Reporter/.  АНУ-ын кино шүүмжлэгчдийн нийгэмлэг 2020 оны шилдэг киног нэрлэлээ.


Оны шилдэг киногоор хятад найруулагч Хлоя Жаогийн "Нүүдэлчдийн газар нутаг" (Nomadland) бүтээл шалгарчээ. Санхүүгийн хямралд орсны улмаас Америкийн баруун нутгийн муж улсуудаар нүүдэллэн амьдрахаас аргагүйд хүрсэн эмэгтэй болон түүнтэй адил хүмүүсийн амьдралын тухай энэ кинонд өгүүлдэг аж. Энэхүү киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Фрэнсис Мак-Дорманд шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон байна. Шилдэг эрэгтэй жүжигчнээр Вьетнамын дайны ахмад дайчдын тухай “Da 5 Bloods” киноны гол дүрийг бүтээсэн Делрой Линдог нэрлэжээ.


Шилдэг эмэгтэй, эрэгтэй туслах дүрийн шагналыг Мария Бакалова "Борат 2" (Borat Subsequent Moviefilm) кинонд бүтээсэн дүрээрээ, Пол Рейс "Sound of Metal" киноны дүрээрээ тус тус хүртсэн байна.


Гадаад хэл дээрх шилдэг киногоор "Collective" киног нэрлэсэн бол шилдэг баримтат киногоор "Time" кино шалгарчээ.


АНУ-ын кино шүүмжлэгчдийн нийгэмлэгийн шагнал гардуулах ёслол 55 удаагаа болсон боловч цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.


Холбоотой мэдээ