АНУ-д 2.3 сая орчим хүүхэд халдвар авчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-01-13 13:10:55

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш энэ сарын 7-ны байдлаар 2.3 сая орчим хүүхдийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан гэж Америкийн Хүүхдийн өвчин судлалын төв мэдээлжээ. Энэ нь АНУ-д илэрсэн халдварын бүх тохиолдлын 12.5 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.


Хүүхдийн өвчин судлалын төв, Хүүхдийн эмнэлгийн холбооноос 49 муж улс, Нью-Йорк хот, Пуэрто-Рико, Гуамаас цуглуулсан мэдээлэлд тулгуурлан энэхүү тайланг гаргажээ. Ихэнх муж улсад 0-19 насныхныг “хүүхэд” гэж үздэг байна. Муж улсуудын зөвхөн 10 нь шинжилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллээ танилцуулжээ. Тэдгээрт дүн шинжилгээ хийхэд, нийт шинжилгээний 6-17.8 хувийг хүүхдүүдэд хийсэн бөгөөд тэдний 7.1-25.9 хувийнх нь хариу эерэг гарчээ.


Мөн тайланд дурдсанаар, COVID-19”-өөр халдварласан хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах тохиолдол цөөн байжээ. Тодруулбал, 24 муж улс, Нью-Йорк хотын мэдээллээр, халдвараар эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 1.2-1.8 хувийг хүүхдүүд эзэлжээ. Мөн шинжилгээний хариу нь эерэг гарсан бүх хүүхдийн 0.2-3.9 нь эмнэлэгт хэвтжээ.


Үүний зэрэгцээ “COVID-19”-өөр нас барсан тохиолдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн 42 муж улсын 13-т нь хүүхэд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол үлдсэн муж улсуудад халдвар авсан хүүхдүүдийн 0.2 хувиас бага хувь нь нас барсан байна.


“Одоогоор коронавирусээр халдварласан хүүхдүүд хүндээр өвчлөх тохиолдол цөөн бүртгэгдээд байна. Гэсэн хэдий ч цар тахал хүүхдүүдийн эрүүл мэндэд урт хугацаанд хэрхэн нөлөөлөх талаар илүү нарийвчлан судлах хэрэгтэй байна” гэж Хүүхдийн өвчин судлалын төвийн тайланд онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ