Төрийн ордны дэргэд 25 иргэн жагсаал зохион байгуулжээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-14 12:21:41

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өнөөдрийн ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлаар Нийтийн хэв журам, Олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга,  цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан танилцууллаа.


Тэрбээр хэлэхдээ, "Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас өнгөрсөн оны  11 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах чиглэлээр нийт 52 анги байгууллагын 9000 гаруй алба хаагч 24 цагаар хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр Дотоод хэргийн их сургууль, НОБГ, Олон нийтийн цагдаа гээд олон байгууллага хамтарч ажилласан.


Монгол Улсын Засгийн Газрын 238 дугаар тогтоолоор энэ сарын 11-нээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Дэглэмийг сулруулсантай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас 5000 гаруй алба хаагч нар үүрэг гүйцэтгэж байна.


Хөл хорионы дэглэм зөрчиж, баталгаат болон баталгаат бус замаар иргэд зорчиж байна. Энэ үйлдлийг таслан зогсоохын тулд  нийслэл хотыг тойрсон баталгаат бус замын постыг нэмж 24 цагаар ажиллуулж байна.


Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийг энэ сарын 8-11-нд дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хэсэгчлэн хааж, хорио цээрийн дэглэм тогтоосон.  5 дугаар хорооны 3351 өрхийн 11 484 иргэн, 6 дугаар хорооны 4633 өрхийн 16 636 иргэнээс шинжилгээ авах ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Мөн энэ сарын 14-ний 6.00 цагаас энэ  сарын 16-ны 23.00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 08 дугаар захирамжаар тус дүүргийн 17 дугаар хороо,  мөн энэ сарын 14-ний өдрийн 6.00 цагаас 16-ны өдрийн 23.00 цагийг дуустал хаах шийдвэр гарсан. Үүнд манай цагдаагийн алба хаагч нараас мөн хүч хэрэгслээ тооцон ажиллаж байна.

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Ханбүргэдэй” дэлгүүр тойрсон 17 байрны 2423 иргэнээс явуулын 10 баг, үлдсэн 2577 иргэнээс явуулын 15 баг “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар явж, шинжилгээ авах юм.  


Одоо Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдээс явуулын 6 баг “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар шинжилгээ авч байна. Автосорьцыг ХӨСҮТ-д хүргүүлэх хамгаалалтын ажлыг зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 30 байранд Монгол Улсын 1615  иргэн, гадаадын 33 иргэн нийт 1648 иргэн байна. Энд  цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Хорио цээрийн дэглэмийн хязгаарлалтын үед тогтоосон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулах асуудал гарсан. Тухайлбал, өчигдөр Баянгол дүүрэгт жижиглэн худалдаа эрлэгчдийг төлөөлж, 25 орчим иргэн Төрийн ордны орчим жагсаал цуглаан хийсэн байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед олныг хамарсан үйл ажиллагаа,  жагсаал цуглаан хийхийг хориглосон. Цаашид ийм үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Хязгаарлалтын дэглэмийн үед зөрчил гаргасан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлээр хариуцлага тооцож байгаа. Энэ хугацаанд 55 иргэнийг 28.9 сая төгрөгөөр торгосон, 6 иргэнийг баривчлах ажиллагааг явуулсан. Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд иргэд Засаг даргын захирамжын хэрэгжилтийг хангах, Эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчтай тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, иргэний үүргээ ухамсарлан хамтран ажиллахыг уриалж байна. Хязгаарлалтын дэглэм тогтоосон хороодод эмийн сан, хүнсний дэлгүүр рүү явах хөдөлгөөнийг зөвшөөрч байгаа. Зайлшгүй эмнэлгийн тусламж авах, эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг иргэдийг дүүргийн онцгой коммиссын зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ” гэлээ.  


Холбоотой мэдээ