Шүүхийн шийдвэр МАН-ын нэр дэвшигчдийн талд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-04 21:09:11

Увс аймгийн ИТХ-ын 7, 8, 11-р тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг Аймгийн сонгуулийн хороо бүртгэж авахаас татгалзсан юм. Энэ асуудлаар аймгийн МАН-ын хороо Захиргааны хэргийн анхан шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр нэр дэвшигчдийн талд гарчээ.

Тодруулбал, Увс аймгийн ИТХ-ын 7-р тойрог буюу Наранбулаг суманд нэр дэвшигч А.Хилэнбаатар, Ю.Сайнжаргал, 8-р тойрог буюу Малчин суманд нэр дэвшигч Б.Гомбо, Улаангом сумын 11-р баг буюу 26-р тойрогт нэр дэвшигч С.Амараа нарыг Аймгийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзаад байсан юм. Аймгийн сонгуулийн хороо өчигдрийн хуралдаанаараа анхан шатны шүүхийн шийдвэрийг авч хэлэлцээд МАН-аас аймгийн ИТХ-ын 7, 8-р тойрогт нэр дэвшигчдийг бүртгэж авахаар болжээ.

Увс аймгийн ИТХ-ын 26-р тойрог буюу Улаангом сумын 11-р багт МАН-аас нэр дэвшигч С.Амараагийн талд шүүхийн шийдвэр гарсан хэдий ч Аймгийн сонгуулийн хороо дахиад бүртгэж авахаас татгалзаж, давж заалдахаар болсон байна. С.Амараа нь 2012-2016 онд МАХН-ыг төлөөлөн аймгийн ИТХ-д дөрвөн жил суусан бөгөөд энэ удаагийн сонгуулиар МАН-аас Улаангом сумын 11-р багт нэр дэвшжээ. Аймгийн Сонгуулийн хороо түүнийг МАХН-аас гарсан эсэх нь тодорхойгүй гэж үзэж байна. Дашрамд дурьдахад С.Амараа нь МУГЖ, дуучин С.Жавхлангийн төрсөн эгч юм.

Увс аймгийн ИТХ-ын сонгуульд бие даагчтайгаа нийлээд 80 хүн нэр дэвшээд байсан бол шүүхийн шийдвэрээр дахиад 3 хүн нэмэгдээд байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ