ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын бүтцийг Засгийн газрын хуралдаанаар батлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бүтэц, орон тоог Засгийн газрын хурлаар оруулж батлуулахаар болжээ.
ШУА-ийн тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлын албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах, ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн батлав. Мөн ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар 1996 оноос хойш өнөөг хүртэл 32
хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж иржээ.
2016-2020 онд тус газар нь нь 4 хэлтэстэй ажиллаж ирсэн бол энэ удаа Удирдлага, төлөвлөлтийн хэлтэс шинээр
байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ орон тоогоо нэмэхгүй байх бодлого
барьж байгаа юм.
ШУА-ийн эрхзүйн байдлын тухай хуулиар бүтэц орон тоотой
холбоотой хоёр заалт байдаг. Нэг нь ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Эрдэмтэн нарийн
бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийн тоог ШУА-ийн Их чуулган тогтоох
заалттай. Хоёр дахь нь ШУА-ийн тэргүүлэгчид Ажлын албатай байх бөгөөд
ажлын албаны бүтэц орон тоог Засгийн газар тогтооно гэсэн заалттай. Гэвч энэ
асуудлыг Засгийн газрын хурлаар огт хэлэлцэж байгаагүй юм байна.
Харин энэ жилийн хувьд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын
бүтэц, орон тоог Засгийн газрын хурлаар оруулж батлуулах аж.
Энэ тухай ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “ШУА-ийн Статусын хуульд заасны
дагуу бид бүтэц орон тоогоо Засгийн газраар батлуулна. Ирэх лхагва
гарагийн Засгийн газрын хурлаар оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Өнөөдрийн тэргүүлэгчдийн хурлаас орон тоог 32 байхаар баталлаа. Энэ бүтэц орон
тоогоо хэлэлцүүлнэ. Сүүлийн үед төр засгаас шинжлэх ухаан руу
хандах хандлага нэлээд өөрчлөгдөж байгаа. Тиймээс бид илүү сайн ажиллах
шаардлагатай. Бидний хандлага бас өөрчлөгдөх ёстой. Энэ байдлаас үүдээд
бид үйл ажиллагаа, хэлбэр агуулгын хувьд ч нэлээд баялаг болгох түүндээ
тохируулаад бүтцээ олон талтай болгохоор 2016 онд
баталсан бүтэц дээрээ нэг хэлтэс нэмээд 5 хэлтэстэй байхаар оруулж байна.
Ингэлээ гээд орон тоо нэмэгдэхгүй. Бусад хэлтсээсээ хүмүүс шилжүүлэх
маягаар байгуулна” гэлээ.