Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрийн 40 хувь нь цастай байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-01-15 10:47:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг Цогт-Овоо суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа. 

Тус сумын нутаг дэвсгэрийн 40 хувь нь цастай, 70 хувь нь зун, намартаа ургамлын гарц тааруу байсны улмаас өвөлжилт хүндхэн байна. Өнөөдрийн байдлаар тус сумын 94 малчин өрхийн 58 мянган толгой мал, 3 аймгийн 10 сумын нутагт оторлож байгаа аж. Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд оторлож яваа сумын малчин өрхүүдэд 120 тн нүүрсийг сумаас зохион байгуулан хүргэж өгчээ. Мөн өвс тэжээл татан авалт, малчдаа эргэх зэрэгт сумын удирдлагууд онцгой анхааран ажиллаж байна. Цогт-Овоо сум 1896 хүн амтай, 589 өрхтэй, 137 288 мянган толгой мал сүрэгтэй юм.

Өмнөговь аймгийг ногоон бүс болоход хамгийн их үүрэг гүйцэтгэж буй нь Цогт-Овоогийн пост юм. Уг постын үйл ажиллагаатай аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын багийн бүрэлдэхүүн очиж танилцлаа. Цогт-Овоо сумын Засаг дарга Н.Наранзаяа "Өдөртөө 100-200 машин, 200-300 хүн бусад аймаг болон нийслэлээс манай аймаг руу ирж, энэхүү постоор дамжин өнгөрч байна. "Ковид-19" халдварын улмаас ажлын ачаалал ихтэй байгаа энэ үед аймаг руугаа болон чухал шаардлагатай тохиолдолд холбоо барих богино долгионы станц, пост 24 цагаар ажиллаж байгаа учраас гэрэл цахилгааны зардал, ажиллаж байгаа албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, хоол хүнсний зардлыг аймгаас шийдвэрлэж өгч байгаа" гэлээ. 

Холбоотой мэдээ