Туркийн Ерөнхийлөгч коронавирусний вакцин хийлгэлээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-01-15 10:05:13

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “COVID-19”-ийн вакцины эхний тунг пүрэв гарагт хийлгэлээ.


Т.Эрдоган Анкара хотын эмнэлэгт Хятадын “CoronaVac” вакцины эхний тунг хийлгэснийхээ дараа вакцин хийлгэхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлахыг улс төрийн удирдагчид, хууль тогтоогчдод уриалжээ.


Туркийн Ерөнхийлөгч эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын удирдах зөвлөлийн гишүүд өөртэй нь зэрэг вакцин хийлгэсэн гэдгийг нэмж хэлжээ. Мөн “COVID-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст хурдан эдгэрэхийг ерөөсөн байна.


Т.Эрдоганы мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар орон даяар 250 мянга гаруй эмнэлгийн ажилтныг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулжээ. Мөн тэрбээр галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын хүчин чармайлтыг сайшаажээ.


Эрүүл мэндийн яамны мэдээллээр, Туркт нэг сарын дотор эмнэлгийн 1.1 сая ажилтныг вакцинжуулах ажээ. “CoronaVac” вакцины хоёр тунг 28 хоногийн зайтай тарих юм. Турк Хятадын “SinoVac” компаниас захиалсан вакцины эхний хэсэг болох гурван сая тунг өнгөрсөн 12 дугаар сарын 30-нд хүлээн авчээ. 

Холбоотой мэдээ