Энэ жил нийт 177445м3 модыг түлээ болон хэрэглээнд бэлтгэж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-16 13:47:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт хэрэглээнд 79380м3 нарс, шинэс, улиас, хуш, хус, улиангар, бургас бэлтгэх аж. Харин түлээнд дээрх төрлийн модноос нийт 98065м3 бэлтгэх хэмжээг аймгийн ИТХ-ын тогтоолоор баталжээ. Ингээд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт сум 177445м3 модыг түлээ болон хэрэглээнд бэлтгэж авах юм байна.     

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2020 оны 08 тоот тогтоолоор “2021 оны үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарийг сумдаар батлах тухай” зааж өгсөн байдаг. Тогтоолд зааснаар 2021 онд ойн нөөцгүй сумдын Засаг дарга нар ойн нөөц бүхий сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулж, иргэдийн түлээний модыг бэлтгүүлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллах юм. Мөн Ковид-19 цар тахлаас шалтгаалан сум орон нутгийн онцгой байдлын зөвшөөрлийн дагуу холбогдох хууль журмыг үндэслэн иргэдийн түлээний модыг бэлтгүүлэх, мөн иргэд мод бэлтгэх эрхийн бичиг авах аж.

“Ойн тухай” хуулийн 3.1.17-д зааснаар “түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг байна. Иймээс энэ үед ойд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах мод бэлтгэхийг хориглодог. Иймд түлээний мод бэлтгэх хүсэлтэй иргэд ойн нээлттэй байх хугацаанд тухайн сумынхаа ЗДТГ-т хандаж түлээгээ бэлтгэн авах ёстой ажээ. 

Холбоотой мэдээ