Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд коронавируст халдварын нэг тохиолдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-15 19:24:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд "COVID-19" халдварын батлагдсан нэг тохиолдол илэрчээ.


Тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г нь биеийн байдал хүнд оноштой өчигдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн /103/ автомашинаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн байна.

Тухайн иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэн оношлуураар 2 удаа шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан бөгөөд оношийг баталгаажуулах үүднээс PCR шинжилгээ авчээ.

Улмаар өвчтөнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан аж.

Харин өнөөдөр уг өвчтөний PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ-д шилжүүлж эмчилгээ, шинжилгээ, тандалт, ажиглалтад хамруулахаар болжээ.

Үүний дараа голомтын ариутгал халдваргүйтгэл хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмч, мэргэжилтнүүдийг тусгаарлан, шинжилгээ ажиглалтад хамруулах юм. Харин тус эмнэлгийн ойр орчимд хөдөлгөөний хязгаарлалт хийхгүй аж.

Холбоотой мэдээ