Тарвага нутагшуулах ажлыг хууль журмын дагуу хийгээгүй гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-05 22:47:00

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, Улсын сайн малчин Сүхтогоо гэгч өнгөрөгч сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаас 19 тарвагыг сум орон нутгийн удирдлага болон байгаль орчны улсын байцаагчид мэдэгдэлгүй тээвэрлэж авч явжээ.

Нутагтаа үлдсэн цөөн тооны тарваганы цусыг сэлбэх зорилгоор авч явсан тухай мэдээлэл төв, орон нутгийн хэд хэдэн сайтад тавигдсан. Энэ тухай мэдээллийг баримтжуулж Баян-Уул сумын Засаг даргын тамгын газраас өчигдөр мэдэгдэл гаргав.

Тарвага нутагшуулах дээрх үйлдэл нь холбогдох хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн болохыг мэдэгдэлдээ дурджээ. Тодруулбал, Амьтны тухай хуульд зааснаар Мэргэжлийн байгууллага нь шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу амьтныг сэргээн нутагшуулах үйл ажиллагаа эрхэлж болно гэж заасан байдаг юм байна. Түүнчлэн амьтан сэргээн нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулна гэсэн зүйл заалт байдаг ажээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ