Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг татан авах ажлыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-18 12:00:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хөл хорионы улмаас нийслэл Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг татан авах ажлыг үе шаттай зохион байгуулна гэж аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэдэгдлээ.

Үүний тулд орон нутаг руу буцах хүсэлтэй Баян-Өлгий аймгийн иргэд аймгийн ЗДТГ-ын фэйсбүүк цахим хуудсаар болон 99178222, 99427755, 94417961 утсаар холбогдон мэдээллээ өгч, бүртгүүлэх ёстой аж. Мөн Улаанбаатар хотоос гарахаас 24 цагийн өмнө PCR шинжилгээгээ өгөх, Баян-Өлгий аймагт ирснээс хойш гэрийн тусгаарлалтад заавал орж, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг ягштал мөрдөх шаардлага тавина.

Иргэдийг татан авах ажлыг хэзээ зохион байгуулах нь хараахан тодорхойгүй байна. Эхний ээлжинд иргэдийн судалгааг гаргаж, дараа нь улсын Онцгой комиссоос зөвшөөрөл хүсэх ажээ.

Ташрамд сануулахад, Улсын Онцгой комиссын Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг буцаах шийдвэрийн хүрээнд өнгөрсөн 12 дугаар сарын 1-20-ны өдрүүдэд 5 мянга гаруй иргэн нийслэлээс Баян-Өлгий аймагт ирсэн юм. 

Холбоотой мэдээ