БНАСАУ-ын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-18 11:46:43

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын Ардын дээд хурлын 14 дэх удаагийн сонгуулийн дөрөвдүгээр чуулган ням гарагт болж, 2021 оны төсөв, улс орны удирдлагад хийх боловсон хүчний халаа сэлгээ болон эдийн засгийн хөгжлийн таван төлөвлөгөөг баталжээ.


Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Солонгосын Хөдөлмөрийн намын VIII их хурлын үеэр удирдагч Ким Жөн Уны дэвшүүлсэн таван жилийн төлөвлөгөөг Ардын дээд хурлын депутатууд санал нэгтэй дэмжлээ гэж БНАСАУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна.


БНАСАУ-ын Ерөнхий сайд Ким Док Хун чуулганы үеэр үг хэлэхдээ өмнөх төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад "ноцтой алдаа" гарсныг цохон тэмдэглээд, одоо “үг дуугүй биелүүлэх шаардлагатай хүнд даалгавруудтай” тулгарч байгааг онцлон дурджээ.


Түүний хэлснээр, шинэ таван жилийн төлөвлөгөөнд коронавирусний цар тахал болон АНУ-ын хориг арга хэмжээг үл харгалзан өөрсдийн хүчин чадалд тулгуурлан "хий, эсвэл үх" уриан дор эдийн засгийн хөгжлийг хурдасгахаар тусгасан байна. Тодруулбал, төмөрлөг, химийн аж үйлдвэрүүд, машин угсрах болон усан онгоцны үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон загас агнуурын аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Пёньянд 50 мянган өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөжээ.


Ардын дээд хурлын депутатууд мөн сайд нарын танхимд хийх халаа сэлгээг баталж, зургаан шадар сайдыг, түүнчлэн Улсын төлөвлөлтийн хорооны дарга болон Ерөнхий прокурорыг шинээр томилохоор болсон байна.


БНАСАУ-ын шинэ төсвийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 1.1 хувиар өссөн гэж мэдээлж байна. Эрүүл мэндийн салбарт зарцуулах зардлыг 2.5 хувь, боловсролын салбарынхыг 3.5 хувиар нэмэгдүүлжээ. Батлан ​​хамгаалах салбарын зардал өөрчлөгдөөгүй бөгөөд 15.9 хувь байна. 

Холбоотой мэдээ