Зорилтот бүлгийн малчдад малын сувиллын багц олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-19 10:30:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг нэгдүгээр сарын 18-нд Говь-Алтай аймагт ажиллалаа. 


Ажлын багийнхан НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран болзошгүй зудын өртөг, эмзэг байдлыг бууруулах зорилгоор “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийг тус аймгийн Дэлгэр сумын малчдад малын сувиллын тэжээлийн багц олгосноор үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Харин үүний дараа аймгийн төв Есөнбулаг суманд ирж аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзан өвөлжилтийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.

Мөн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн малчдад чиглэсэн төрийн бодлого, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдэнд олгогдож буй тусламж дэмжлэгийн талаар танилцуусан бол НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа ХХААХҮЯ-тай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслийн талаар холбогдох мэдээллүүдийг өглөө. 

Түүнчлэн дээрх төсөл хэрэгжиж буй зудын эрсдэл өндөр байгаа Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань сумын зорилтот бүлгийн малчдад олгох малын сувиллын багцыг орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм.


Холбоотой мэдээ