ЕБС-ийн хичээл эхлэх эсэхийг тархвар зүйн байдал, эрсдэлийн үнэлгээнд суурилан саналаа хүргүүлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-20 12:07:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод халдварын голомт идэвхтэй байгаа учир ЭМЯ цахим сургалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. 

 

Энэ тухай тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "ЕБС-ийн хичээлийг гуравдугаар сарын нэгнээс эхлүүлэх тухай саналыг цахим сүлжээгээр харсан. ЭМЯ, ХӨСҮТ шийдвэр гаргахдаа эрсдэлийн үнэлгээнд үндэслэдэг. Мөн өвчлөлийн тархвар зүйн байдлаар дүгнэлт гаргадаг. Өнөөдрийн байдлаар, өвчний тархвар зүйн байдлыг харахад нийслэлд халдварын голомт идэвхтэй байна. Харин өвчлөл бүртгэгдсэн зургаан аймагт 26-50 хоногт өвчлөл гараагүй. Тиймээс улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн үе, нийслэл хотод өндөр эрчтэй тархалттай байна гэж үзэж байгаа. Нийт өвчлөл бүртгэгдээгүй болон өвчлөл бүртгэгдээд хэвийн голомтоо бүрэн хяналтад авсан аймгууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайн сахин, коронавирусээс сэргийлэх эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг сайтар баримтлан танхимаар хичээллэх боломжтой. Харин нийслэл хотод голомт идэвхтэй байгаа учир цахим сургалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Гэхдээ цаашид тархвар зүйн байдал, эрсдэлийн үнэлгээнд суурилан саналаа хүргүүлнэ” гэв.

Холбоотой мэдээ