Д.Ганбат: Төрөөс иргэддээ хандах хүнлэг ёс гээгдсээр байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-20 17:21:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Д.Сүхбаатарын талбайд өрнөж буй өнөөдрийн жагсаалын үеэр, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд УОК-ын дарга, НОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд нарыг огцруулах шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. 


Уг шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэвлэл, мэдээллийнхэнд уншиж танилцуулав. Шаардлагад, “Эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй, сэтгэлгүй хандаж байгаа сайд, дарга нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас үрэгдэж төрөөс иргэддээ хандах хүнлэг ёс гээгдсээр байна” хэмээн тэмдэглэжээ. 


Тухайлбал, хөл хорионы дэглэмийн үед улсын нийслэл рүү орох үүд, босгон дээр амиа алдсан, эх орондоо ирэх хоногоо тоолж байсан иргэн нас барсан зэрэг жишээг дурджээ. Иргэд жагсах болсон шалтгаан буюу төрөх орон дээрээс идэр есийн хүйтэнд тусгаарлах байр руу ачигдаж байгаа эх, үрийн жишээг мөн онцолсон байна.   


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж буй дээрх шаардлагад, “Эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй, хүнлэг бус хандаж Монгол Улсын иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцөлд оруулсан Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Нийслэлийн Засаг дарга, НОК-ын дарга Д.Сумьяабазар нарт хариуцлага тооцож нэн даруй огцруулахыг шаардаж байна” гэжээ.


Хэрэв шаардлагыг эс биелүүлбэл, УИХ дахь МАН-ын бүлэгт Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв. 

Холбоотой мэдээ