Камерын хяналттай болохыг үүрэг болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-06 16:20:50

Дундговь аймгийн Цагдаагийн газар Мандалговь хотын төвд суурилуулсан камерын тусламжтайгаар 270 гаруй гэмт хэрэг, захиргааны зөрчил илрүүлсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Мандалговьд 62 камер суурилуулсан нь ийнхүү үр дүнгээ өгч байна гэж Цагдаагийн газрын дарга Л.Гүндсүрэн хэллээ.

Улаанбаатараас Дундговийн төв хүрэх замд Дэлгэрцогт сумын дэлгүүрээс хулгай хийсэн суудлын автомашинтай этгээдүүд улмаар аймгийн төв төдийгүй цааш Луус, Эрдэнэдалай суманд очиж дэлгүүр, айлын гэр ухаж эд зүйлсийг нь хулгайлсан хэргийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн жишээг тэрээр дурьдсан юм. 24 цаг хүрэхгүй хугацаанд 4 сум дамжин хулгайн гэмт хэрэг үйлдсэн эдгээр этгээд шиг Улаанбаатараас ирж орон нутагт хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс  аж ахуйн нэгж, байгууллага бүр камерын хяналттай болж, гадна гэрэлтүүлгээ сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж Цагдаагийн байгууллага үзэж байгаа ажээ.

Энэ үүднээс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол гаргаж, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг камерын хяналттай болгох үүргийг аймаг, сумын Засаг дарга нарт өгсөн байна. Тогтоолд дурьдсанаар энэ сарын сүүлч гэхэд байгууллага, аж ахуйн нэгжүүд аюулгүй байдлаа хангаж хяналтын камертай болсон байх ёстой ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ