Хасбанк, Худалдаа хөгжлийн банкны ажилтнуудад тандалт судалгаа хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-22 15:43:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд бүртгэгдсэн голомт Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй байгаа бөгөөд тус голомтоос одоогоор 20 гаруй тохиолдол бүртгэгджээ.


Бусад орцны хүмүүсийг шинжилж тандалт хийж байгаа аж. Мөн БЗД-ийн Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомтын идэвхжил өндөр байгаа тул тухайн голомтуудад хяналт, тандалтын ажил үргэлжилж байна.

Сүүлд гарсан голомтуудтай холбоотой ойрын хавьтал 1 189 хүн тусгаарлагдаж байгаа бол  4 465 хоёрдогч хавьтал байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн юм.

Түүний мэдээлснээр, өчигдрийн шинжилгээгээр Хасбанк, Худалдаа хөгжлийн банканд ажилладаг хоёр хүн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон. Тиймээс одоогоор Хасбанкнаас таван хүнийг тусгаарлаж, хоёр дахь хавьтлын 300 гаруй хүний шинжилгээг хийж байна. Харин Худалдаа, хөгжлийн банканд өнөөдрөөс тандалт, судалгаа хийж эхэлжээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүн байгаа тул тус тамгын газрын ажилчдыг хоёрдогч хавьтлаар бүртгэж, шинжилгээнд хамруулсан байна.

Мөн тэрбээр, “Нийслэлийн дүүргүүдээс халдвар гарах эрсдэл өндөр байна.  Халдвар хаанаас ч, хэзээ ч халдахад бэлэн байгааг иргэд анхаарах шаардлагатай. Сонгдо” эмнэлэгт өчигдөр үзүүлэхээр очсон хүнд түргэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан тул сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулж, PCR шинжилгээ хийхэд халдвар батлагджээ. Гэхдээ тухайн иргэнтэй "Сонгдо" эмнэлэг маш сонор сэрэмжтэй ажиллаж, үзүүлэхээр ирсэн хүнийг тэр дор нь тусгаарлаад, түргэн оношлуураар шинжилсэн байна. Тиймээс ч хавьтлын тоо нь түүнд үйлчилсэн 3-4 ажилтнаас хэтрээгүй. Тухайн иргэнийг тусгаарласны дараа тухайн газарт эцсийн халдваргүйтгэл хийсэн тул "Сонгдо" эмнэлгийн ажил одоо хэвийн үргэлжилнэ” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ