Цагаан-Овоо суманд коронавирус илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-23 11:35:30

Дорнод /МОНЦАМЭ/. Иргэдийн дунд Цагаан-Овоо суманд коронавируст халдвар гарсан, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Степ гоулд" ХХК-ийн ажилтан халуурсан гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар БОЭТ-ийн Тархвар судлаач эмч Б.Ганганцэцэгээс тодрууллаа.  


-Цагаан-Овоо суманд коронавируст халдвар илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар эхлээд мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 21-нд "Степ гоулд" ХХК-ийн ээлж солихоор явах гэж байсан ажилчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг хүнийх эерэг гарсан. Тухайн иргэнийг тусгаарлаж, PCR шинжилгээ авч баталгаажуулахад сөрөг гарсан. Мөн тус компанийн нэг ажилтан аймгийн төвд буяны ажилд оролцоод буцсаныхаа дараа халуурсан учир сумаас нь Шуурхай штаб руу мэдэгдсэнээр тусгаарлаж, шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Ер нь иргэд шинжилгээний эцсийн хариу гараагүй байхад цуурхалд автахгүй байхыг ахин дахин анхааруулмаар байна.  

-Аймаг дотроо хяналт, тандалтыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Аймаг дотроо тандалтуудыг өдөр бүр хийж байгаа. Тодруулж хэлбэл, нэгдүгээрт, Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн долоо дахь хоногийн тандалтын шинжилгээ, хоёрдугаарт байгууллага болон хувь хүний өөрийнх нь хүсэлтээр аймагтаа байсан иргэдээс шинжилгээ авч байна. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага орж, гарч байгаа, тухайн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн халууныг үзэж, бүртгэл хөтөлж байна. Энэ дундаас ханиалгах, халуурах, бусад эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Шуурхай штабын утсанд холбогдож, дараагийн шатны ажлуудыг зохион байгуулж байна.

-Улаанбаатарын дугаартай машин олноор явж байна гэх яриа иргэдийн дунд байна. Энэ талаар тайлбар өгөөч?

-Дорнодод үндсэн хаягтай иргэд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хүсэлт гаргаж байгаа. Үүнийг Шуурхай штабаараа хэлэлцээд оруулах зөвшөөрөл өгч байна. Мөн буяны ажилд оролцохоор хамаатан садан нь ирэх тохиолдол байна. Тэдэнд зөвлөгөө, чиглэл өгч, хяналт тавьж ажиллаж байгаа. Дээрх иргэдийн дунд УБ дугаартай машинтай хүмүүс мэдээж бий шүү дээ. Сумдад буяны ажилтай гэсэн шалтгаанаар ирж буй тохиолдлуудыг тухайн сумдтай нь холбогдон лавлаж, хүлээж авахгүй гэсэн тохиолдолд нэвтрүүлэхгүй байгаа.

-Хөлөнбуйрын пост дээр ачаа тээврийн машинууд бүтэн нэг хонож байгаа тухай мэдээлэл өнөө өглөө цахим орчинд гарчээ. Ер нь иргэд болон ачаа тээврийг хурдан шуурхай нэвтрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Зөвшөөрөгдсөн хүнс, өвс тэжээл, эм эмнэлгийн хэрэгслийг тухайн байгууллагын нийлүүлж байгаа гэрээ болон хүлээж авах байгууллагын хүсэлттэй бол шууд нэвтрүүлж байгаа. Өчигдөр орой 22.00 цагт Шуурхай штаб хуралдаад нэг ч машин үлдээхгүйгээр нэвтрүүлсэн. Энэ ташрамд иргэдэд анхааруулж хэлэхэд, урьдчилж хүсэлтээ өгөөд шийдвэр гарсны дараа нэвтрэх хэрэгтэй. Зөвшөөрөгдсөн ачаа тээвэр биш бол хонох асуудал гарч байгаа. Шуурхай штаб өдөрт гурван удаа хуралдаж, иргэдийн асуудлыг шийдэж байна. Шаардлагатай үед шөнийн цагаар ч хуралдаж байгаа. Өдөрт дунджаар 100 хүртэлх өргөдөл ирж байгааг эрэмбэлж, аль болох хурдан шуурхай шийдвэрлэж байна. Шуурхай штаб дээр өргөдөл хүлээн авах дөрвөн хүн ажиллаж, тодруулах ажлуудыг хийж байна. Зарим хүн худал ярих, хулгайн тээвэр хийх гэж оролдох, Налайх, Багануур, Хэнтийн постоор нэвтрэхгүй орж ирэх асуудал ч гарч байгаа. Нийслэлд эх уурхай нь тогтоогдоогүй хэд хэдэн голомт байгаа учраас тэр хэрээр маш хянуур хандах шаардлагатай байгааг иргэд маань ойлгон хүлээж аваарай.

-Хүний хөдөлгөөн хэр их байна вэ? Тухайлбал, он гарсаар хэчнээн хүн Дорнодод ирж буцсан бол?

-Нэгдүгээр сард 1800 гаруй хүн Дорнодод ирсэн. Үүнээс 325 нь буцсан байна. Бусад аймгаас буюу халдваргүй бүсээс 246 иргэн иржээ. Улаанбаатараас ирсэн иргэд тандалт болон долоо дахь хоногийнхоо шинжилгээнд хамрагдаад явж байгаа.

-Баярлалаа. 

Холбоотой мэдээ