НӨАТ-ын сугалаанд хийсэн шалгалтын дүнг Шадар сайдад хүргүүлнэ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-25 11:10:54

Улаанбаатар/МОНЦАМЭ/. НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр буюу ням гарагт болсон. Энэхүү тохиролд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийжээ. Шалгалтын хариуг энэ долоо хоногт эцэслэж,  дүн мэдээг Шадар сайдад хүргүүлэхээр болсныг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээллээ.


Олон нийтийн дунд “И-Баримт” буюу НӨАТ-ын сугалааны азтан шалгаруулах үйл ажиллагаа шударга бус явагддаг. Сугалааны азтан шалгаруулах бөмбөлөгт асуудал бий. IT ажилтан 36 удаа азтан болсон. Мөн түүний хамаарал бүхий хүмүүс байнга азтан болж байна” гэх хардлага иргэдийн дунд үүсээд байгаа билээ.


Үүнийг тодруулахаар ШӨХТГ-аас "Стандарт хэмжил зүйн газар", "Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар", "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв", "ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба"-тай хамтарч хэсэгчилсэн шалгалтыг энэ сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байгаа юм.


Энэ удаад  “Сугалааны азтан шалгаруулах бөмбөлөгт асуудал бий” гэх хардлага үнэн эсэхийг тодруулахаар шууд лайваар шалгалт явуулжээ. Шалгалтаар  бөмбөлөг хүндийн жингийн асуудалгүй болохыг ШӨХТГ-ын мэргэжилтэн тогтоосон байна.


Харин энэхүү шалгалтын хоёр, гурав дахь шалгалтыг олон нийтэд танилцуулаагүй байгаа.  Хувь хүний нууцтай холбоотой шалгалт учир нууцалж буйг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлээд байна.


Ташрамд мэдээлэхэд, өчигдрийн сугалааны тохирлоор таван сая төгрөгийн азтан 2, гурван сая төгрөгийн азтан 28 хүн тодорсон бол супер шагнал 30 сая төгрөгийн азтан тодроогүй байна.


Холбоотой мэдээ