Газар нутгийн маргааныг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг америкчууд Хятадад уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-07 08:51:52

БЭЭЖИН. /NHK/. Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг зохицуулах болон хэт үйлдвэрлэлээ багасгах асуудлуудыг яриа хэлэлцээ хийн дипломат арга замаар шийдвэрлэхийг БНХАУ-д хандан АНУ уриалж байна.

АНУ болон БНХАУ хооронд болдог “Стратегийн ба Эдийн засгйн яриа хэлцээ” ээлжит уулзалт өчигдөр Бээжин хотноо эхэлжээ. Жил бүр болдог энэ уулзалтын нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцон үг хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “санал зөрөлдөөнтэй байгаа аливаа асуудлуудыг нүүр тулж хэлэлцэх нь чухал. Хэрвээ санал зөрөлдөөнтэй байвал асуудлуудыг нэг амьсгаагаар шийдвэрлэхэд тийм ч амар биш. Хоёр тал яриа хэлцээний ширээнд суун асуудлуудыг хэлэлцэх хэрэгтэй” гэжээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлэхдээ “маргаантай аливаа асуудал нэг талын үйлдлээр шийдэгдэхгүй. Үүнийг хуулийн дагуу, дипломат арга замаар, яриа хэлцээ  хийх байдлаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй. Энэ бол АНУ-ын байр суурь” гэсэн байна.

Эдийн засгийн асуудлын тухайд АНУ-ын Сангийн сайд Жак Лью хэлэхдээ “хэт үйлдвэрлэл нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна” гэж онцлон дурджээ.

Тэрбээр цааш ярихдаа “эрэлтээс давсан хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятадын аж үйлдвэрийн салбаруудад, ялангуяа ган болон хөнгөн цагаан үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэлийг бууруулах нь олон улсын зах зээлийн тогтвортой байдалд нэн чухал” гэсэн байна.

Дэлхийн дулааралтай тэмцэх болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг хариу арга хэмжээ авахын тулд хамтран ажиллах нь чухал гэж талууд онцлон тэмдэглэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ