Сэлэнгэд ирж буй иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-25 21:48:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зүгээс өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг зохион байгууллаа. Ирж буй иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлж, зорчих хөдөлгөөнийг цахимаар хянах “Tracker”” системийг гар утсанд нь суулган хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас ирсэн 144 өрхийн 296 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутаг руу 97 тээврийн хэрэгслээр 242 иргэн, орох чиглэлд 78 тээврийн хэрэгсэлтэй 195 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүлжээ.

Нийслэл Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлууд ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч, хавьтал болсон хүмүүс олдохгүй, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарсаар байна. Иймээс эрсдэлтэй бүсээс орон нутагтаа ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмээ чанд баримтлан өөрийгөө болоод өрөөл бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа. Мөн нийт иргэдэд хандаж онцын шаардлагагүй бол гадуур явахгүй байж, аль болох хөдөлгөөнд бага оролцохыг санууллаа.

Холбоотой мэдээ