Хятадын компани "Интер Милан"-ы хувьцааны 70 хувийг худалдан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-07 10:06:43

БЭЭЖИН./АР/. Италийн хөлбөмбөгийн “Интер Милан” багийн ихэнх хувьцааг худалдаж авахаар төлөвлөж байгаагаа цахилгаан барааны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг Хятадын “Suning Commerce” групп мэдэгдлээ.

Хятадын зүүн нутгийн Наньжин хотод даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна. Хэвлэлийн бага хуралд хоёр талын удирдах албан тушаалтнууд оролцжээ.

Хувьцаа худалдан авах хэлэлцээрийн дагуу Хятадын компани “Интер Милан”-ы хувьцааны 70 орчим хувийг 306 сая доллароор худалдаж авахаар болсон байна. Өмнө нь “Suning Commerce” групп Хятадын супер лигийн нэг багийг худалдан авсан аж..

“Интер Милан” бол 1908 онд байгуулагдсан хөлбөмбөгийн баг бөгөөд одоо Италийн дээд лигт тоглож байна. 

Хятадын компанийн захирал Жан Зиньдун хэлэхдээ “энэ гэрээ нь манай бүтээгдэхүүнийг Европ болон дэлхий дахинд илүү таниулна” гээд “энэ хөрөнгө оруулалт нь тус багийг илүү амжилтад хүргэнэ хэмээн найдаж байна" гэжээ.

2050 он гэхэд хөлбөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч гүрэн болохоор төлөвлөж байгаа гэдгээ Хятадын Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн юм. “Интер Милан”-ы хувьцааг худалдаж авч байгаа нь ч энэ бодлоготой холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ