Хятадын өндөр хурдны төмөр замын урт 38000 км-т дөхжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-01-27 11:45:31

БЭЭЖИН. /RIA Novosti/. 2020 оны эцсээр Хятадын өндөр хурдны төмөр замын нийт урт 37900 км болжээ. Энэ нь 19800 км байсан 2015 оныхтой харьцуулахад бараг хоёр дахин уртассан үзүүлэлт юм.


Өдийгөөс 10 гаруй жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 1-нд БНХАУ Бээжин, Тяньжин хотын хооронд өндөр хурдны анхны төмөр замаа тавьж байв. Тус улс одоо өндөр хурдны замын уртаар дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.


Өндөр хурдны шинэ галт тэрэг болох “Фусин”-ийг үйлдвэрлэхэд ашигладаг 254 гол технологийн 84 хувийг Хятадад боловсруулсан байна. БНХАУ-ын Инженерийн академийн академич Хэ Хуаугийн онцолсноор, тус улс одоогоор цагт 400 км ба түүнээс дээш хурдтай явдаг галт тэрэг үйлдвэрлэх технологийг хөгжүүлэх чиглэлээр тэргүүлж байгаа бөгөөд үүний ачаар хурдны галт тэрэг хөгжүүлэх тал дээр технологийн бүрэн бие даасан байдалд хүрч чаджээ.


Хятад дахь анхны "ухаалаг" хурдны төмөр замын шугам бол Бээжин-Жанзякоугийн шугам бөгөөд галт тэрэгний автомат удирдлагыг Хятадын хиймэл дагуулын байршил тогтоох "Бэйдоу" системийг ашиглан гүйцэтгэдэг ажээ. Энэхүү шугамд тасалбараа онлайнаар захиалах, нүүр царай таних замаар бүртгүүлэх, тэр ч байтугай галт тэрэгний вагоноос шууд хоол захиалах зэрэг өндөр технологийн үйлчилгээг нэвтрүүлжээ.


2019 оны эцэс гэхэд 500 000 ба түүнээс дээш хүн амтай Хятадын хотуудын 86 хувь нь хурдны төмөр замаар холбогдсон байна.


Холбоотой мэдээ