Ц.Сугир:Ахмадууд бол оюуны болоод туршлагын их уурхай, ундарга юм шүү дээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-27 14:29:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Залуу насандаа улс эх орондоо хөдөлмөрлөж, хийж бүтээж, үр ач нараа өсгөн хүмүүжүүлсэн ахмад буурлуудынхаа эрх ашгийг хамгаалж, төрийн бодлого шийдвэрт асуудлыг нь тусгуулж, тэдний амьдрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажилладаг байгууллага бол Ахмадын хороо юм.

Тиймээс Дундговь аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугиртай тус байгууллагын үйл ажиллагаа, ахмадуудад тулгамдаж буй асуудал, цаашдын нь зорилтын талаар ярилцлаа.


-Манай аймаг хэдэн ахмадтай, танай байгууллага ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна вэ?

-Ахмадуудынхаа төлөө гэсэн сэтгэлээр ярилцаж байгаад баярлалаа. Манай аймгийн хэмжээнд нийт 5663 ахмад байдаг. Тэтгэврийн тухай хууль шинэчлэгдэж, өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ахмадуудын тоо эрс нэмэгдэж байна.

Манай ахмадуудын дотор “Монгол Улсын гавъяат” 15, “Хөдөлмөрийн баатар” нэг байдаг. 100-гаас дээш настай ахмад нэг, 91-100 настай 90 ахмад байдаг.

Манай Ахмадын хороо бол Монгол Улсын “Ахмад настны тухай” хууль, бусад хууль, тогтоомж, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, тэдний төлөө үүрэг хүлээсэн төрийн бус байгууллага юм. Гишүүддээ үйлчилдэг. 15 суманд салбартай.

Сумдынхаа Ахмадын хороогоор дамжуулан нийт ахмадуудад хүрч ажиллах, тэдний дуу хоолойг төрд хүргэх, бодлого шийдвэрт тусгуулах, тэдний эрүүл, мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, хууль, журмыг сурталчлах гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-2020 он бол онцлог жил байлаа. Коронавирусний улмаас олон нийтийг цуглуулах, уулзалт, сургалт зохион байгуулах боломжгүй байсан. Үйл ажиллагаагаа хэрхэн явуулсан бэ?

-Өнгөрсөн жилийн хувьд дэлхий нийтээрээ коронавирустэй тэмцэж, ихэнхдээ хорио цээрийн дэглэмд байлаа. Ингэлээ гээд бид бас зүгээр суугаад байсангүй ээ.

Бүх нийтээрээ л онлайнаар суралцаж, үйл ажиллагаагаа явуулж, сурталчилгаагаа хийж байна. Ахмадууд бид ч гэсэн энэ өөрчлөлтөөс хоцорсонгүй. Ахмадуудыг цахим орчинд мэдээлэл авдаггүй, чадахгүй гэвэл худлаа юм байна. Цахим сургалтаар бид ч бас ажлаа явуулж болох юм байна гэдгийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд ойлгож авлаа.

Монголын Ахмадын холбооноос “Глобаль институт”-тэй хамтраад үндэсний хэмжээний гурван удаагийн онлайн сургалтыг зохион байгуулсан.

Энэ онлайн сургалтад л гэхэд манай 15 сумаас 500 гаруй ахмад оролцсон байсан. Тэгэхээр манай ахмадууд онлайнаар суралцах боломжтой л гэдгийг харуулж байгаа юм.

Тэгээд бүх сумынхаа Ахмадын хороотой холбогдож болох ямар л суваг байна, түүнийг нь ашиглаад холбогддог, мэдээллээ солилцдог болж байна. Өөрөөр хэлбэл учирч байгаа бэрхшээлийг бид давуу тал болгож, боломж, бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж, суралцаж байна.

-Та 2020 оны ажлаараа шалгарч, Монголын ахмадын холбооны “Шилдэг ажилтан” болсон. Мөн аймгийн Ахмадын хороо Засаг даргатай гэрээ байгуулж, жил бүр ажлаа дүгнүүлдэг. 2020 оны ажлынхаа үр дүнгийн талаар тодруулна уу!

-Аймгийн Ахмадын хороо Монголын ахмадын холбоо (МАХ) болон аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж ажилладаг. Гэрээгээ цаг хугацаанд нь үнэлүүлээд, дүгнүүлсэн.

Мөн сумдын Ахмадын хороотой гэрээ байгуулж ажилладаг. 2020 онд хэдийгээр олон нийтийг цуглуулах, сургалт, уулзалт зохион байгуулахыг хориглосон байсан ч ажил цалгардаагүй, хэвийн явж ирсэн гэж үзэж байна.  

МАХ-той байгуулсан гэрээний хэрэгжилт боломжийн сайн дүгнэгдсэн. Аймгийн ахмадын хорооны даргын хувьд “Шилдэг ажилтан”-аар шалгарсан. Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт 97,4 хувьтай дүгнүүллээ.

Сумын ахмадын хорооны дарга нарын гэрээний хэрэгжилтийг 12 үзүүлэлтээр, байгууллагынх нь ажлыг долоон үзүүлэлтээр дүгнэдэг. Манай Ахмадын хороод маш сайн ажилласан нь харагдаж байгаа.

Есөн сумын хувьд дарга нарынх нь гэрээний хэрэгжилт 90-ээс дээш хувь, зургаан сумын хувьд 76,4-89,0 хувьтай үнэлэгдсэн.

Есөн сумын Ахмадын хороо “Санаачилгатай” түвшинд, зургаан сум “сайн” түвшинд  ажилласан гэж үнэлэгдлээ. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сумдынхаа ажлын талаар хэлэлцүүлж, ажлынх нь үнэлгээгээр сум бүрт 180,0-250,0 мянган төгрөгийн урамшуулал олгуулахаар шийдвэрлүүлчихсэн байгаа.

-Ахмадуудын эрүүл мэндийг сайжруулах, хамгаалахын тулд хөдөлгөөн чухал гэдэг. Энэ чиглэлээр танай байгууллага нэлээн санаачилгатай ажиллаж байх шиг санагддаг. Хөдөлгөөнөөр эрүүлжих, ахмадуудын спортыг дэмжсэн ямар үйл ажиллагаа явуулсан бэ?

-Би л ахмад хүн шүү, би л настай хүн гээд хэвтээд байвал улам л хурдан хөгширч, улам л хурдан өтөлнө шүү дээ. Тиймээс зөвхөн ахмадууд ч гэлтгүй бүх хүнд хөдөлгөөн маш чухал.

Тиймээс өнгөрсөн жил ахмадуудыг хөдөлгөөнөөр эрүүлжүүлэхийн тулд “Soft гар бөмбөг”, “Grant golf”, цэнгээнт бүжгийг хөгжүүлэхийг зорьсон. Бүх сумандаа дээрх спортын хоёр төрлийн техник хэрэгсэлтэй болсон. Зардлыг нь аймаг, сумын Ахмадын хороо хамтарч бүрдүүлсэн. Ингэж сум сумандаа ахмадууд маань сонирхох юм бол энэ спортоор хичээллэх боломж нь бүрдсэн.

Ахмадын спортын хоёрдугаар наадмыг 10 дугаар сард зохион байгуулсан. Спортын зургаан төрлөөр явуулж, 11 сумын 135 ахмад оролцсон.

Маш их өрсөлдөөнтэй, эрч хүчтэй сайхан тэмцээн болдог. Тэгээд ахмадуудаа хараад сууж байхад тэднээр бахархах сэтгэл төрж, улам л олон жил амьдармаар тийм нэг энерги, эрч хүчийг мэдэрдэг юм.

Ер нь ч тэгээд ахмадууд гэдэг бол оюуны болоод туршлагын их уурхай, ундарга юм шүү дээ. Тэдэнд маш их мэдлэг, мэдээлэл, туршлага байгаа.

Франц улсад төвтэй Олон Улсын ахмадын холбоо манай МАХ-той хамтраад урлаг, гар урлал, уран зургийн уралдаан зарлаж, манай аймгаас нийт 40 бүтээл оролцсон. Бүтээлүүдээ дүрсжүүлээд видео болгочихсон. МАХ-ны сайтаар сурталчилж байгаа. Эндээс харахад тэдэнд маш их нөөц байгаа нь харагддаг.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ХХҮГ-тай хамтран ажилладаг. Манай аймгийн хувьд ахмад настны зөвлөх үйлчилгээний ногоо тарих, оёдол, сургалтын чиглэлээр 6 төсөл 3,8 сая төгрөгийн дэмжлэг авч, 23 ахмад хамрагдсан.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 9 төсөл шалгарч, 24,0 сая төгрөгийн зээлд хамрагдаад байгаа. Энэ мэтчилэнгээр ахмадууд маань гэртээ зүгээр сууж чаддаггүй хүмүүс.

-Манай ахмадуудын хувьд ямар бэрхшээл тулгамддаг, түүнийг нь хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Бэрхшээлгүйгээр бүх ажил явж байдаг бол сонирхолгүй шүү дээ. Нийтлэг нэг бэрхшээлтэй асуудал нь ахмадуудыгаа хамт олонтой болгох асуудал байдаг.

Би 2018 оны тавдугаар сард аймгийн Ахмадын хорооны даргаар сонгогдсон, тэр үед харъяалалгүй 300 гаруй ахмад байсан. Аль нэг байгууллагад ажиллаж байгаагүй, групптэй, халамж авч байсан, хувийн хэвшилд ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад, тэр байгууллага нь одоо үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг шалтгаанаар зарим ахмад яг харъяалсан байгууллага байхгүй байгаад байдаг.

Залуу насандаа улс нийгэмдээ хөдөлмөрлөөд, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлчихсэн, хийдгээ хийж, бүтээдгээ бүтээчихсэн хүмүүс огт харъяалалгүй байгаад байгаа нь надад эмзэглүүштэй санагддаг юм.

Тиймээс л жил бүр энэ асуудлыг хөндөж, жил бүр л зорилт тавиад ажилладаг. 2020 онд харин чамгүй амжилттай байсан. 130 ахмадыг харъяалалтай болгож, одоо 97 ахмад л үлдээд байна даа.

Зарим хүмүүс эсэргүүцдэг л дээ. Жил бүр л харъяалалгүй ахмадууд нэмэгдэнэ гэж тээршаадаг. Өмнө нь байгаа ахмадуудаа нэг мөр хамт олонтой болгочихвол шинээр тэтгэвэрт орсон ахмадуудаа жил жилд нь бүртгээд  асуудлыг шийдээд яваад байвал болохгүй ч юу байх вэ гэж санадаг юм.

Байгууллагууд ахмадуудыг хамт олон дундаа хүлээгээд авчихаар нэг их зардал гарах юм шиг санадаг. “Амьдрал баян юм чинь”, сэтгэл гаргаж, ахмадуудаа хүндэлж, хүлээж авч байгаа байгууллагуудыг харахад үнэхээр сайхан байдаг. Өөрөө хамт л баярлачихдаг юм.

Манай аймгийн хувьд Цагдаагийн газар, ШШГА, ОБГ гэх мэт олон байгууллага ахмадуудынхаа төлөө маш санаачилгатай, сэтгэлтэй ажилладаг. Ахмадын өргөө, ахмадын танхим байгуулж, тэдний алдрыг тэмдэглэх гэх мэтээр сайн ханддаг. ОБГ гэхэд л хоёр ч ахмадаа хөнгөлөлттэй үнээр байртай болгосон. Дахиад хоёр ахмадаа байранд оруулах талаар ярьж байна.

Нэгэн цагт хүн бүхэн л “ахмад” болно шүү дээ. Тиймээс сэтгэл гаргах хэрэгтэй.

-2020 онд хэрэгжүүлсэн онцгой ямар ажил байна вэ? Ер нь ахмадуудынхаа мэдлэг, туршлагыг залуучуудад өвлүүлэх чиглэлээр бусад байгууллагатай хамтарч байна уу?

-Манай байгууллагын хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Ахмадын сан байгуулах” талаар зөвлөж, нөлөөлж ажилласан. Өнгөрсөн онд 260 байгууллага ийм сантай болсон. Энэ бол багагүй амжилт юм.

Байгууллагууд цалингийнхаа зардлын гурван хувиас хэтрүүлэлгүйгээр “Ахмадын сан” байгуулах тухай шийдвэр байдаг. Энэ дагуу бүрдүүлээд явж байна. Сантай болчихоор байгууллагууд маань ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хүлээж авах боломжтой болж байгаа юм.

Жил бүр “Ахмадад ээлтэй байгууллага”-ыг шалгаруулдаг. Өнгөрсөн онд гурван байгууллага, нэг багийг шалгаруулсан. Засаг даргын зөвлөлөөс шагнал, урамшууллыг нь шийдэж өгсөн.

Ахмадуудынхаа ажил мэргэжлийг залуу хойч үед нь өвлүүлэх, уламжлуулах зорилгоор ГБХЗХГ-тай хамтраад “Гэрийн сайн багш” шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Зургаан хүн шалгарсан.

Хүүхэд залуучууд маань жилээс жилд монгол уламжлал, өв соёлоосоо хөндийрч, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байгаа. Ахмадууд бол өв соёлоо тээгчид юм. Тэднийхээ хийж, бүтээж, чадаж, мэдэж байгаа бүхнээс нь манай залуучууд өвлөж авч үлдэх ёстой гэж боддог.

-Шинээр тэтгэвэрт гарсан иргэдийг хэрхэн хүлээж авдаг вэ? Тэдэнд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг юм бол?

-Байгууллагууд урьдчилж тэр хүндээ хэлж ярьж, танилцуулах шаардлагатай. Тэгээд бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах ёстой байдаг. Нэгдүгээрт тэтгэвэрт гарахад хамгийн түрүүнд бичиг баримтыг нь бүрдүүлэхэд туслах ёстой.  

Тэтгэвэрт гарах гэж байгаа хүн өөрөө бичиг баримтаа бүрдүүлээд явах биш байгууллага тухайн хүний бичиг баримтыг шалгаж, дутуу байгааг нь бүрдүүлж өгдөг байх ёстой. Хоёрдугаарт тэр хүний сэтгэл зүйг нь бэлтгэж өгөх хэрэгтэй. Тэтгэвэрт гарснаараа хамт олноосоо хөндийрч, хамт олонгүй болох нь хүмүүст их хэцүү тусдаг.

Тэгээд тэтгэвэрээ тогтоолгосных нь дараагаар хүндэтгэлтэйгээр үдэж, Ахмадын хороонд хүлээлгэж өгөх шаардлагатай. Тэгээд манай байгууллагаас ахмадын хорооныхоо үйл ажиллагааг танилцуулж, үнэмлэх олгодог. Хүнийхээ төлөө уг нь ингэж л ажиллах хэрэгтэй байгаа юм.

Энэ ажил манайд нэг их хэрэгжихгүй яваад байгаа. Тиймээс байгууллагууд маань ингэж ажилладаг болох хэрэгтэй.

-Манай аймагт Ахмадын ордон барьж байна, хэзээ ашиглалтад орох вэ, ер нь 2021 онд ямар зорилт дэвшүүлж байна?  

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай ахмадууд удахгүй ордонтой болно. Уг нь өнгөрсөн онд ашиглалтад орох байсан. Одоо дулаарахаар гүйцэтгэгч компани ирж, ажлаа дуусган хүлээлгэж өгөх байх. Энэ ондоо багтаад ашиглалтад орчихно гэж бодож байгаа.

2021 онд Ахмадын ордны барилгаа хүлээн авч ашиглалтад оруулахаас гадна Ахмадын урлаг спортын зургадугаар наадам зохион байгуулах, ахмадын байгууллагын түүхэн номыг гаргах, харъяалалгүй ахмадуудаа хамт олонтой болгох зэрэг ажлуудыг төлөвлөөд явж байна.

Энэ жил Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны үндсэн чиглэлд үндсэндээ дөрвөн асуудлыг тусгасан. Ахмад настны эрүүл мэнд, Ахмадуудад ээлтэй байгууллагыг дэмжүүлэх, түүхэн ном хэвлүүлэх гэсэн асуудлуудыг тусгуулж авсан. Ер нь ч аймгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгуулж чадаагүй бол аймаг орон нутгаас дэмжлэг авах боломжоор муу байдаг юм байна лээ. Тиймээс хэд хэдэн асуудлыг тусгуулсан.

-Залуучууддаа болоод ахмадууддаа хандаж Та юу хэлэх вэ?

-Манай залуучууд маш их өөрчлөгдөж байна, хөгжиж байна. Ахмадуудынхаа хойчийг залгамжлаад авч явж байгаа залуучууддаа ажлын амжилт хүсье, мөн хийдгээ хийж, бүтээдгээ бүтээж, өнөөдөр гавъяаныхаа амралтыг эдэлж суугаа нийт ахмадууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрүүл энх байж, урт удаан наслаарай!

-Ярилцсанд баярлалаа, эрүүл энхийг хүсье. 

Холбоотой мэдээ